- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15
Өнгөрөгч онд “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, энэ хүрээнд монголоос тодорхой хэмжээний дадлагажигч ажиллах хүчин гаргах асуудал яригдсан билээ. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ажиллах хүч гаргах тухай асуудал өргөн хүрээнд яригдаж байгаагүй. Гэхдээ хэд хэдэн удаагийн оролдлогыг монголын талаас хийж байсан. Тиймээс өмнө нь яригдаж байсан хэлэлцээрүүдийг үргэлжлүүлж, ажил болгох боломж бидэнд бий.
Япон улс 2020 онд Токио хотноо зуны олимпийн 32 дугаар наадмыг зохион байгуулах эрх авсан. Олимпийн бэлтгэл хангах их бүтээн байгуулалт өрнөнө. Үүнтэй холбоотойгоор тус улс барилгын салбартаа шаардлагатай ажиллах хүчнийг гаднаас авах тухай яригдсаар байгаа билээ. Ойрын жишээ дурьдахад л 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цогцолборыг барихад олон мянган хүнийг хамарсан төдийгүй гадны шилдэг инженер, архитектор, барилгын мэргэжилтнүүд ч мөн багтсан байдаг байна.
Одоогоор манайхаас Япон руу дадлагажигч гаргах тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй байгууллагаар зуучлуулан хүмүүс явуулж байгаа ч энэ нь манай улсын хувьд хангалттай тоо биш юм. Өнөөдрийг хүртэл Япон улс руу тодорхой ажиллах хүчийг урт хугацаагаар, тогтмол явуулсан тохиолдол тун ховор байдаг байна. Тодорхой төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ажиллах хүч явуулахаар бол 50-60 хүн хамрагдлаа гэхэд түүнээс ердөө тав, зургаа буюу 10 хувь орчмыг нь л авдаг аж.
Гэхдээ сүүлийн жилүүдэд Япон улсад ажиллаж амьдарч буй монголчуудын тоо нэмэгдсэн гэдэг дүн бий. Ингэхдээ томоохон компаниуд монголчуудыг авч ажиллуулж байгаа бодит жишээнүүд ч байдаг. Тухайлбал, саяхан Японы NHK телевизээр Токиогийн нэгэн програм хангамжийн компани Монголоос мэргэжилтнүүд авч ажиллуулж байгаа нэвтрүүлэг гарсан юм. Тус нэвтрүүлгээр таван жилийн өмнө байгуулагдсан хиймэл оюун ухааны “Data Artist” компани ажиллах хүчний хомсдолд ороод байсан бол Монголоос чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж ажиллах болсон байна. Тус компани 70 орчим ажилтантай бөгөөд ажилтнуудын 20 хувийг Монголчууд бүрдүүлж байгааг онцолжээ. Монгол мэргэжилтнүүд сайн ажиллахын зэрэгцээ Японы шинэ мэргэжилтнүүдэд хичээл зааж байгаа талаар тус нэвтрүүлэгт дурьдсан байна.
Үүнээс харахад бидэнд японы том зах зээлд монгол мэргэжилтнүүдийг гаргах, залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх бүрэн боломж бий гэдэг нь харагдаж байгаа юм. Олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд бид Японоос хандив тусламж л аваад байхдаа бус харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гарц боломжуудыг харах нь зүйтэй биз ээ.
2015 онд тухайн үеийн Засгийн газрын зүгээс манай улсаас ажиллах хүч авах боломжийн талаар болоод жилд авах ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг тавьж байсан юм. Үүний хариуд Элчин сайд асан Такэнори Шимизү “Манай улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах авах талаар шинэ хууль боловсруулж парламентад өргөн барих гэж байна. Уг хуульд гадаадаас авч буй дадлагажигч, ажиллах хүчний цалин, нийгмийн баталгааг хангах, тэднийг хууль бусаар харлаж үлдэхгүй байх баталгаа зэрэг зохицуулалтыг хийхийн хамт гаднаас ажиллах хүч авах тогтолцоог өөрчлөх тухай ч ярьж байгаа. Парламентад энэ хуулийг тойрсон том хэлэлцүүлэг өрнөж таарна. Үүнд бэлтгэж бид Монголын гадаадаас ажиллах хүч авч байгаа болон гадаадад гаргаж байгаа талаар туршлага мэдээллийг цуглуулж илгээхээр ажиллаж байгаа юм. Энэ хууль батлагдсаны дараа бүх зүйл тодорхой болно. Япон улсын хувьд олимпийн барилга байгууламжийн бүтээн байгуулалттай холбоотойгоор барилгын салбарт ажиллах хүчин шаардлагатай болж байгаа. Мөн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ажиллах хүч хомсдолтой байдаг. Тиймээс ганц барилга гэхгүйгээр хүмүүсээ явуулах боломж бий. Гэхдээ манайхаас тавьдаг хэлний болоод мэргэжлийн шаардлагыг хангасан байх ёстой” гэдэг хариултыг хэлж байсан юм.
Тиймээс эл санал, харилцааг эргэн сэргээж монголчууд Японд ажиллах сонирхол, боломж нөөц бий гэдгийг сануулах нь зүй биз ээ.
Т.БАТСҮРЭН