Хаврын хар сарыг цайлгах бэлгэдлийн утгаар Цагаан сарын баярыг бий болгосон

Түгээх    
2018-02-12 08:02:57 - Энтертайнмент

dulam

СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын ардын багш С.Дуламын монгол түмний уламжлалт цагаан сарын баярын талаарх цуврал лекцийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.  

-ЗАРИМ МОНГОЛ УГСААТАН ЦАГААН САРЫГ ЦЭГЭЭ САР, СҮҮН САР,
САГААЛГАН ГЭЖ НЭРЛЭДЭГ-

Монголчууд жилийн эхийг тэмдэглэхдээ голдуу намар, өвлийн заагаар их махан тайлга үйлдээд, түүнээсээ овгийнхоо гишүүн бүрт хувь хүртээж, шүүс идээгээрээ ёсолдог байсан нэгэн үе бий. Түүхэн баримт дээр тулгуурлаад үзвэл, 1207 оны улаагчин туулай жилийн эхний өдөр Чингис хаан өглөө эртлэн босч тэнгэр хангайдаа мөргөж, өвөг дээдэстээ тахил өргөн, Өүлэн эхдээ золгосон гэдэг. Ингээд 1207 онд буюу Чингис хааны хоёрдугаар онд тэмдэглэсэн тэр үеэс эхлээд сүү цагаан идээгээр голлуулан ёслодог “Цагаан сар” гэдэг ёслол эхэлж, төр ёсны баяр болсон.

Үндсэндээ энэ баяр нь монголчуудын хувьд малын сүү шимээр голлон аж ахуйгаа эрхэлсэн цагаас л эхлэлтэй. Нөгөөтэйгүүр хавар гэдэг улирал монголчуудын хувьд хамгийн хатуу улирал. Газар ногооны шим, малын тарга хүч, хүний тамир тэнхээ ч буурсан хатуу цаг, хаврын “хар сар” гэгддэг. Энэ хаврын хар сарыг цайлгах бэлгэдлийн утгаар цагаан сар гэдэг баярыг бий болгосон. Тийм болохоор цагаалга хүртэж, их идээ засч, хэн хэдэн үе идээ засах зэргээс эхлээд бүгд нарийн дэг журамтай байсан юм билээ.

Мэдээж хэрэг цагаалгаар голдуу шинэлж байгаа учраас “Цагаан сар” гэж нэрлэсэн. Цагаан сарыг зарим Монгол угсаатан цэгээ сар, сүүн сар, сагаалган /буриадууд/ гэж нэрлэдэг.

-БИТҮҮЛЭХ ЁС БУЮУ БУУРАЛ ЖИЛИЙН ОТГОЛОХ ӨДӨР-

Цагаан сарын шинийн нэгнээс өмнө цагаалж, золгохын урьдтай, битүүлэх ёсыг ёсолдог. Энэ нь билгийн улирлын арван хоёрдугаар сарын гучин буюу бага сарын бол хорин есөн гэсэн үг. Бидний бодлоор энэ нь эртний “Хувь сар”-ын ой дурсамж юм. Байгаль ертөнцийн эл үзэгдлээр уламжлан “Лавай” хэмээх өвлийн адаг сарын гучныг буцаж байгаа буурал жилийн отголох өдөр буюу хуучин оны битүүрэн хангирсах цаг хэмээн бэлгэдэн сэтгэж, тэрхүү бэлгэдлийг бас зан үйлээр бататган үдэх ёс заншилтай байжээ. Чухам эндээс “битүүлэг”, “битүүлэх ёс”, “битүү хоол” идэх зан дадгаал гарчээ.

“Битүү хоол” гэдэг маань голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүү хоол идэх заншил нь удам угсаа, нутаг усаараа ялгаатайг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Говь Гурван Сайханы орчим нутгийнхан битүүний орой бууз жигнэхээсээ илүүтэй, хуушуур хайрахыг чухалчилдаг. Учир нь шинэ он гарч, өвлийн Лхам буюу Гүнжилхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайныг хиншүү гарган үлдэн хөөж байгаа утгатай юм гэнэ. Ийм учраас битүүний орой бол хангирсан одогч хуучин оноо энх түвшин, ёс намба төгөлдөр үдэж, шилжрэн ирэгч шинэ жилээ угтан тосох цагийн бэлчир дээр байгаагийн бэлгэдэл утга мөн. Бүр ойртуулж хэлбэл буцаж буй буурал жилийн отгон өдөр, бууж буй буянт жилийн ууган өдөр улиран солигдохыг бэлгэшээн өнгөрүүлнэ гэсэн үг.

Битүүний орой өдрийнхөө үйл ажлыг шаламгайлан гүйцээж, хонь малаа хотлуулан, гэрийн эзэн идээлэх умдаалахынхаа өмнө сайн зүгийн эздийг урьж, гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу юм уу, цэвэр тунгалаг цас мөс гурвалан тавьж, зүүн тотгон дээрээ муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан өргөс харгана тавьдаг байна. Үүнийг хожим бас Лхам бурханы хөлгө унаа хонгор халзан луусны уух ус, идэх өвс ч гэж тайлдаг болсон билээ.

Битүүлгийн идээ будаагаа базаан зэхэж, эхлээд гэртээ битүүрнэ. Өтгөс бууралдаа олбог дэвсгэрээ дэвсэн, эртгэр хөлтэй ширээгээ засч дээр нь идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүлэгтэй эхэлж аягалан барьдаг.

Аав ээж, ах дүү, охид хөвгүүд, бэргэд дараалан сууцгааж, цөм товч бүчээ бүрэн товчилж, малгайгаа өмсч энэ ёсыг ёсолдог учиртай. Хойморт заларсан буурал хаяатнууд нь намраас нөөцөлсөн халаасан айраг бахдан шимж, “дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тааруулж балга, жар хүрээд жаргаж хүрт” /энд “уу” гэдэг үг алга байгаа/ гэдэг ёс эрэмбийн дагуу тэдэнд ерөөл айлтгаж, архи сархад хүртээдэг ажээ.

dulam

-ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ҮҮРИЙН ХАРАНХУЙГААР ТУУЛАЙ ЦАГТ БОСНО-

Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн буюу их ёсны баярын анхны өдрөөр жилийн эхийг ёслон тэмдэглэх заншил бол монгол угсаатны өнө эртний түүхтэй, өв тэгш их баяр ёслол юм. Иймд монголчууд “цайрсан цагаан сар, нээсэн нэг сар” гэж билгийн улирлын нэг сарыг бэлгэдэж хэлдэг.

Олон монгол угсаатан цагаан сарын баяраа шинийн нэгнээс арван таван хүртэл ёсолдог. Өнөө цагт ажил амьдралын эрхээр шинийн нэгнээс гурван өнгөртөл голлон ёсолдог болжээ. Цагаан сар буюу бүр хуучнаар бол хуви сарын шинийн нэгний өглөө үүрийн харанхуйгаар туулай цагийн багцаанд алганы зураас үзэгдэх төдийд дээшилцгээн өрхөө татаж, галаан ноцоодог.

Шинийн нэгний өглөө гарч буй шинэ оны шинж байдлыг байгаль ертөнцийн элдэв үзэгдэл болон мал адгуусны аяг араншингаар шинжих олон зүйл шинжээ буй. Өглөө эртлэн боссон гэрийн эзэгтэй үдэш тотгон дээр тавьсан цас мөс, өргөст харгана зэргийг зүүн урд зүг рүү хаяж, өрхөөн татаж, аргал түлшээ оруулж явах зуураа тэнгэрийн хаяа, уул хангайн бараа, үүлний өнгө, хоттой хонь малынхаа хивж хэвтэж буй шинж бэлгээр гарч буй жилийн өн, зун, өвс ногоо, салхи шуурга, хур чийг зэргийг шинжин таамнадаг.

Гэрийн эзэн дээшилж, хувцаслаад хэн хүнтэй үг дуугаралгүй морио эмээллэж мордоод мөрөө гаргаад буцаж ирэхийн зуур басхүү тэнгэр хангай, мал сүргээ ажиглан шинжинэ. Зарим нутагт буцах замдаа хөлөөрөө шороо тээж тэгшлээд хас тэмдэг зурж, дээгүүр нь алхаж гараад цаас урж хаяад, хормойгоо сэвдэг заншил байжээ.

“АЛТАН ОРД ХУРАХ” ЦАГААР ГОЁЛЫН ХУВЦСАА ӨМСЧ, ЗАСАЛ ЧИМГЭЭ ЗҮҮН ЗОЛГОНО-

Гэрийн нар унийн углуурганд шижирлэх цаг буюу “Алтан орд хурах” цагаар гоёлын хувцсаа өмсч, засал чимгээ зүүсэн хүмүүс цөм айл хотлынхоо аль ахмад буурлын гэрт /хоёр ижил настан байвал эрэгтэйг нь хүндэтгэн/ тавагтай идээ, домботой цайгаа барин цуглаж, хөвгүүд нь шинийн нэгний цагаан хадаг барьж, охид бэргэд нь цай барьж, өвгөд эмгэдийнхээ амрыг эрэн золгоно. Чингэхдээ гэр доторхи улсын дундаас аль ивээл жилтэй хүнтэйгээ эхлэн золгох учиртай.

Ийн золгохдоо малгайгаа төв тэгш өмсч, товч бүсээ бүртгэн чангалж, төв эрхэмсэг агаад баяр жавхлант, уужуу тайван байдлыг эрхэмлэх бөгөөд хэн хүнд хэлдэг үг, хийдэг үйл нь нэн өвөрмөц гойд. Ахмад настантай золгохдоо “Та амар айлдаж /айлчилж/ байна уу?, “Та амар байна уу?” гэж гарынхаа алгыг дэлгэн тохойноос нь дэмнэсхийн лавхан зөрүүлж золгодог. Энэ нь ахмад настнаа бие, хэл, сэтгэл бүхнээрээ өргөн хүндэлж байгаагийн бэлгэдэл болдог.

Харин ахмад настан нь алгаа дорогш хандуулж, залуус дүү нэртээ нас буян, өлзий хишгээ харамгүй өгч байгаагийн тэмдэг болгодог. Тэр тусмаа өвгөд настан сууж золгож болох бөгөөд идэр залуус нь бөхийж мэхэсхийн золгож байгаа нь бас л биеийн хүндлэлийн илэрхийлэл юм. Хуучин цагт шинийн нэгэнд их өтгөс настай хүнийг хүндэтгэн золгохдоо үүднээс эхлэн хоймор хүртэл “Та амар байна уу” гэж нэгэн удаа, “Амар айлдаж байна уу” гэж хоёр дахь удаа, “Амархан сайн байна уу” гэж гуравдах удаа баруун өвдгөө нугалан нахисхийж, хадаг барьж золгодог байв.

Ерийн үгээр хэлбэл өндөр уулын оройд гарахдаа бэлээс нь дээш ягуухан авиран хүрдэг болохоос шууд оройд нь гарчихдаггүй шиг их өндөр сүүдэр зэрэгцсэн хүний нас буяныг хүндэлж буй хэрэг. Ихэнх нутгийн монголчууд 11, 13, 15 наснаас нь хүүхдээ ахмад хүний амар асуухыг заан сургадаг бөгөөд битүүний орой урьдчилан захиж хэлж өгдөг. Тэр дундаа арван гурван нас хүрч буй хүүхэддээ аман хүзүү чанаж дэрлүүлээд, маргааш өглөө нь мөлжүүлж, ахмад хүний амар асуудаг болгодог.

Хүүхэд байхыг “хүзүүнүүд” гэдэг бол том хүн болоод “нуруунууд” болцгоох учир энэ ёсыг үйлддэг. “Нуруутай хүн, ноён нуруу сайтай” гэж ярьдаг нь аливаа хатуу хөтүүд хугарч нугарахгүй, гуйвж дайвөахгүй хүн гэсэн утга билээ.

Ахмад хүний амрыг асууж буй хэвлүүхэн хүүхдийг хариу өхөөрдөн “Мэндээ, амар сайн уу”, “Мэндээ амар сайхан шинэлэв үү”, “Эрдэмтэй хүн болоорой”, “Баатар болоорой” гэхчилэн мэндчилэн ерөөгөөд хоёр хацрыг нь илбэн үнэсэх юм уу “магнайн баяр” болгож духан дээр нь зөөлөн үнэрлэн үнэсдэг. Тэрнээс биш хацар нүүрийнх нь хаана ч хамаагүй шүлсдэн үнгэлдэг ёсон үгүй.

Ер нь “үнэсэх” гэдэг маань угтаа “үнэрлэх” гэсэн утгатай шүү дээ. Ижил насныхан бие биенээ үнэсдэггүй. Ахмад хүн бага насныханд “мэнд ээ” гэсэн хариу өгдөг бол бага насныхан нь ахмадынхаа амрыг эрдэг. Ахмад хүн байж дүүмэд залуугийнхаа амрыг эрээд зогсож байж болохгүй.

-ШИНИЙ НЭГНИЙ БҮХНЭЭС ЭРХЭМ ЗООГ НЬ ЦАГААЛГА БУЮУ ААРЦ-

Цагаан сарын шинийн нэгний бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу аарцыг сүү, шар, цагаан тос зэргээр амтлан буцалгасан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал нь ч их онцлогтой байв. Цагаалгыг эрхэмлэхийн учир нь аарц бол олон мөхлөгтэй учраас аливаа зүйл өсөж үржихийн бэлгэдэл болдог. Хот айлынхаа золгож шинэлэх ахмад айлдаа өөр өөрсдийн цай, цагаалга, тавгийн идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай идээ бэлтгэхийн зэрэгцээ авчирсан цагаалгаа бүгдийг нь нэгэн тогоонд тогоолон, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараагаар сая золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээсээ дараалан цагаалгаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа, эсвэл долоон удаа идэхийг сайн хэмээн бэлгэшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалган дээр бага багаар тоо гүйцээн нэмж иддэг заншилтай. Ингэж ахмад айлдаа золгож цагаалсны дараа, цай цагаалгаа дахин айл бүрт хувааж сав саванд нь хийж хүргүүлэх бөгөөд сар шинээр ирсэн зочдыг дээрх заншлаар дайлж зочилдог байна.

Сар шинээс хойш цагаалгыг олон хоног зооглон ёсолбол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлгэшээдэг /БНМАУ-ын угсаатны зүй I, 1987, 194/. Сүүлийн үед олонхи нутагт цагаалгыг бэлтгэхдээ тутаргыг /цагаан будааг С.Д/ сүүнд агшааж аарц, чихэр, бурмаар амтлан зөөхий шар тос хөвүүлэн бялхуулдаг. Ийм учраас цагаалга бол цагаан сарын шинийн нэгний дутагдаж болшгүй гол бэлгэдэл бөгөөд өнгө, тоогоор бэлгэдэх ёс энд онц чухал үүрэгтэй.

Цагаалга бэлгэдлийн утгатай болохын нэг гэрч нь гэвэл цагаан сар шинэдээр хэрэглэх улаан махыг цагаан гурилаар бүрхэж бууз, банш болгон зочин гийчнээ дайлдаг заншил мөн. Иймд бууз, банш бол цагаан сарын шинэлгээний зөвхөн дагалдах зоогийн шинжтэй зүйл гэсэн үг.

dulam

-САР ШИНЭЭР ХУВЬ ХИШИГ ТАРААХ УЛАМЖЛАЛ-

Цагаан сарын шинийн нэгэнд хамаг үйл ажил, өмсөх хувцас, үг яриагаа хүртэл цайлгахын утгаар XIII, XIV зууны үед их багагүй цагаан нэхий дээл өмсөцгөөж, цагаан морь хүлэглэн унадаг, цагаан зүгийн эздийн сайн бэлгэтэй үгсийг хэлэлцэн мэндчилж, золгоцгоодог байжээ. Шинийн нэгэнд айл хотоо хэсэж цай уулцах ёс үргэлжлэх бөгөөд “цай уусан”, цайлсан хүндээ хувь өгөх юмуу гарыг нь цайлгаж, алчуур бэлэг өгөх учиртай.

“Монголын нууц товчоонд” гэхэд “бэлэг” гэдэг үг байдаггүй, харин “хувь” гэдэг үг олон тохиолдоно. Энэ нь улируулан үзвэл эртний хувь сарын хүн бүрт хувь хишиг хуваах ёс заншлаас үүдэлтэй зүйл юм. Үүний чанад утга учир нь монгол хүний ухаарлаар ертөнцийн амьд төрөлхтөн болгон тэр дундаа хүн болгон өөр өөрсдийн идэх уух, эдлэх өмсөх хувь хишигтэйгээ төрдөг, “хүн хүний идэх хоол нь өмнөө байдаг, мал малын идэх өвс нь өмнөө байдаг” гэж үздэг.

Хүн болгонд заяасан энэ хувь хишгийг дутаахгүйн төлөөнөө бэлгэдэж өгдөг зүйл нь өнөөгийн цагаан сарын хувь юмиуу бэлэг болно. Чингэхдээ өөрийн төрсөн, өргөсөн үр хүүхэд, ахан дүүс, эцэг эх, эмээ өвөө гэх мэт хамгийн ойрын хүмүүст өгдөг зүйл нь хувь, бусад хүнд гар цайлгаж өгдөг зүйл нь бэлэг болно. Тийм ч учраас дээр үед олонхи нутагт “бэлэг” гэж ярьдаггүй “хувь” гэж ярьдаг байсан бөгөөд “хувиа аваарай”, “хувийг нь өгнө” гэж хэлдэг байсан нь үүнтэй холбоотой.

Сүүлийн үед мөнгө барьж золгох нь зөв эсэхийг олон хүн асуудаг. Тэгвэл хэн хүн өөрийн хүч чадал, авьяас билгээрээ олсон олз олбороосоо дээр дурдсан хамгийн дотно ахмад хүмүүстээ “хувь” хүртээж, асран тэтгэж явахаа илтгэж, “мөнх төрийн мөнгөн хувь” гээд өгч болно гэсэн үг. Мөнгө төгрөг маань төрийн бэлгэдэл болох учраас тэр шүү дээ. Харин бусад хүнд тийнхүү мөнгө тараах шаардлагагүй. Ер нь товчоор хэлбэл, хувь гэдэг бол асрах энэрэх ёстой хүндээ өгч буй хишиг гэж, бэлэг бол хүний алгыг нь хоосон буцаахгүйн төлөө өгч буй зүйл мөн билээ.

М.АМАРЖАРГАЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-02-22 12:41:38 - Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Монгол хүн далд өлсгөлөнд нэрвэгдсэн байна
2018-02-22 12:03:27 - Спорт
Ч.Насанбат: Үндэсний бөхийн тамирчдаас допингийн сорьц эерэг гарсан
2018-02-22 11:44:27 - Эдийн засаг
Хуучин автомашины импорт 31 хувиар өсчээ
2018-02-22 11:24:25 - Нийслэл
“Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ
2018-02-22 11:00:16 - Хууль
Монгол Улс авлигын индексээр 183 орноос 103 дугаарт жагслаа
2018-02-22 10:59:47 - Орон нутаг
АСЕМ-аар авсан автобусуудыг хот хоорондын тээвэрт явуулж эхэллээ
2018-02-22 10:54:00 - Улс төр
“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22 10:38:11 - Спорт
Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-д гурав дахиа түрүүлэв
2018-02-22 09:35:37 - Нийслэл
Төрийн үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлнэ
2018-02-22 09:26:21 - Эрүүл мэнд
Сэлэнгэчүүд зөөврийн дижитал рентген аппараттай болжээ
2018-02-22 08:54:28 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-02-22 08:29:19 - Улс төр
ХАРЬЦУУЛАЛТ: АН, МАН-ын Засгийн газрууд ХОЁР ЖИЛД ямар ажлууд амжуулав
2018-02-22 07:55:22 - Хууль
Допингийн шинжилгээнд бүдэрсэн таван бөхийн нэрийг удахгүй зарлана гэв
2018-02-22 07:46:37 - Хууль
Ж.Ганбаатар: “Сентерра гоулд” ХХК Ноён уулыг ухах гэж 34 удаа лобби хийлээ
2018-02-22 07:40:24 - Хууль
Оюуны өмчийг дээдэлдэг Юнивишн, Скаймедиа уриагаа саная
2018-02-22 07:39:20 - Орон нутаг
“Шүлхийн талаар битгий бичээд бай л даа”
2018-02-22 07:30:03 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-02-21 17:42:25 - Эрүүл мэнд
Энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 17:37:00 - Орон нутаг
Дорнод аймагт алга болсон арван настай хүүг олжээ
2018-02-21 17:22:48 - Шар
Александр Крушельницкий: Би хэзээ ч сэргээш хэрэглэж байгаагүй
2018-02-21 16:39:04 - Хууль
Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтын асуултыг таван хэл дээр хөрвүүлж гадаад иргэдээс шалгалт авч эхэллээ
2018-02-21 16:30:12 - Спорт
“Сарын шилдэг тамирчин”-д эмэгтэйчүүд өрсөлдөж байна
2018-02-21 16:22:48 - Боловсрол
12-17 насны хүүхдүүдийн 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж үзсэн гэжээ
2018-02-21 16:16:01 - Шар
Саудын Арабад анх удаа “Арабын загварын долоо хоног” болно
2018-02-21 15:57:25 - Гадаад
Абэ Ким Чен Унд хувийн байр сууриа уламжилж амжжээ
2018-02-21 15:50:56 - Нийслэл
Нийслэлд өчигдөр дөрвөн объектын түймэр гарчээ
2018-02-21 15:37:55 - Улс төр
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэнэ
2018-02-21 15:13:38 - Гадаад
Мадуро Венесуэлийн нутаг дэвсгэрт крипто валют олборлохыг зөвшөөрөв
2018-02-21 14:32:48 - Гадаад
АНУ-ын "Аугаа удирдагч"-ийн жагсаалтад Трамп сүүл мушгижээ
2018-02-21 14:29:44 - Шар
Иргэн Г.Доржзодов гэртээ харьжээ
2018-02-21 13:18:19 - Энтертайнмент
Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна
2018-02-21 13:18:17 - Гадаад
Сирид 48 цагийн дотор 250 гаруй энгийн иргэн амиа алджээ
2018-02-21 13:06:51 - Улс төр
Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж байна
2018-02-21 12:38:14 - Хууль
"Эрдэнэт"-ийн талаарх УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-02-21 12:34:08 - Спорт
Монгол сэтгүүлчийг дэлхийд үнэлжээ
2018-02-21 12:18:42 - Эрүүл мэнд
Элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын энэтхэг эмч нар үзлэг хийнэ
2018-02-21 12:17:21 - Орон нутаг
Энэ сарын 26-нд Увс аймгийн Завханд тэмээний баяр болно
2018-02-21 11:54:12 - Орон нутаг
Энэ жилийн шилдэг цаатнаар Цагааннуур сумын иргэн Ч.Батбаяр болжээ
2018-02-21 11:48:19 - Хууль
Дээрэмдэх гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
2018-02-21 11:40:11 - Орон нутаг
Дорнод аймгийн Халхгол суманд сураггүй алга болсон 10 настай хүүг хайж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-02-20 07:59:43 - Хууль
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо
2018-02-19 12:35:59 - Хууль
Баярын өдөр явган зорчигч дайрч хөнөөгөөд зугтсан жолоочийг гэрээс нь баривчиллаа
2018-02-19 11:51:29 - Хууль
Шүүх эмнэлгийн шинжилгээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын ДНК тогтоогдов
2018-02-20 08:26:54 - Энтертайнмент
Н.Наранбаатар: Өв соёлоо хэдэн халтар юаниас өгдгөө болимоор юм
2018-02-21 09:24:36 - Хууль
Ш.Түвдэнбалжир: М.Энхболд ээжийг нь хятад гэсэн гээд намайг шүүхэд өгчихөж
2018-02-21 08:50:30 - Орон нутаг
Сураггүй болсон иргэн машинтайгаа шатаж амиа алдсан байжээ
2018-02-20 07:45:26 - Хууль
Арилжааны банкуудаас хагас тэрбум төгрөг залилсан эдийн засагчид найман жилийн ял оноолоо
2018-02-19 07:59:57 - Спорт
Пёнчан-2018: Олимпийн наадмын сониноос
2018-02-20 07:50:07 - Улс төр
Оффшорт данстай улс төрчдийн “ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД”
2018-02-19 15:35:00 - Шар
Стивен Сигал Монголд шинэлжээ