- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16
-100 АЙЛ ОРЧИМД ХОЛЕРИ ӨВЧИН ГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА-
НИТХ-ын төлөөлөгч, 100 айлыг нүүлгэх Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгатай ярилцлаа.
-НИТХ дээр 100 айл дахь барилгын материалын худалдааны төвүүдийг энэ оны гуравдугаар улиралд нүүлгэх талаар яригдлаа. Энэ ажил ямар шатандаа явагдаж байна вэ?
-НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Ажлын хэсэг байгуулагдаад, сар гаруйн хугацаанд ажиллалаа. Миний бие ажлын хэсгийг ахлаад явж байгаа. 100 айл дахь барилгын материалын худалдааны төвүүд Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 гэсэн гурван хорооны нутаг дэвсгэрийг хамаарч үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 20-иод жил 100 айлыг нүүлгэх асуудал тодорхой хэмжээнд яригдаж ирсэн. Харамсалтай нь улс төр, тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдлаас болоод удаа дараа хойшлогдож, өнөөг хүртэл барилгын материалын худалдааны төвүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна.
-Яагаад энэ төвүүдийг нүүлгэх ёстой юм бэ?
-Жилээс жилд өргөжин тэлж буй болохоор олон сөрөг үр дагавар ажиглагдах болсон. Нийслэлийн төв талбайгаас нэг км хүрэхгүй зайд барилгын үйлдвэрлэлийн үйлчилгээ явагдаж, төрөл бүрийн химийн бодис ашиглаж байгаа нь нийслэл хотын иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхлээд байна. 100 айл орчмын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Тоон баримтыг дурдвал, 100 айлын хөрсний бохирдол дунд болон их зэргийн бохирдолтой ангилалд хамрагдаж байгаа юм. 2016 онд 153 сурагчид хийсэн цусны шинжилгээгээр 60,1 хувьд нь хар тугалга илэрсэн. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 5 мкг/дл өндөр үзүүлэлт. Нэг ёсондоо хөрсөнд шингэсэн хар тугалгын хэмжээ дээд цэгтээ хүрчихээд байгаа юм. Механик аргаар 100 айл орчмын хөрсийг хусаж хуулаад оронд нь эрүүл шөнө хөрс дэвсэх арга байна.
-Байгалиар нь сэргээх боломж бий юү?
-Байгалиар нь сэргээнэ гэвэл олон зуун жилийн хугацаа шаардагдана. Жишээлбэл, зургаан см хөрс байгалиараа нөхөж сэргээгдэж эрүүлжихэд 200-300 жил шаардлагатай байдаг юм байна. Гэтэл 100 айл орчмын үйлчилгээний төвүүдтэй хаяа дэрлээд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс, өвчин судлалын үндэсний төв, Грентологийн төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, сонсголгүй хүүхдүүдийн 29, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 186 дугаар цэцэрлэг, гурван хорооны өрхийн эмнэлгүүд тойроод байдаг. Арав гаруй жилийн өмнө Сансараас хойш Дарь-Эх хавьцаа холери өвчин гарч, хөл хорио тогтоогоод, тэр хавийг хамгаалалтад аваад аюул болох гэж байсан. Одоо 100 айл орчимд ийм өвчин гарахгүй гэсэн баталгаа алга. Эрсдэл маш өндөр байна. Заавал бид ийм эрсдэл бий болгоод, хор хохирол гарснаас хойш дохио авч арга хэмжээ авах биш, урьдчилан сэргийлэх нь чухал байна.
-Өнөөдрийн байдлаар 100 айлд хичнээн аж ахуйн нэгж, байгууллага, хувь иргэн үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4000-6000 орчим аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоон баримт дурдаж байна. Ажлын хэсгээс гурван өдрийн тооллого хийхэд нийт 403 орчим мод, чулууны мужааны цех, тавилгын үйлдвэр, 1300 гаруй барилгын худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулж байгаа лангуу 1309, гадуур худалдаа хийж буй иргэд 300-500 орчим байгаа юм. 100 айл орчимд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын тоог гаргахад нийт 2500 орчим байсан. Дүүргийн татварын алба, мэргэжлийн хяналтын газарт 80 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоон баримт байдаг. Гэтэл газар дээр нь яваад тоолоод үзэхэд 403 байсан. Тэгэхээр бүртгэлийн асуудлууд маш их байгаа.
-ХАМГИЙН ЭХЛЭЭД МОД, ЧУЛУУНЫ МУЖААН, ТАВИЛГЫН
ҮЙЛДВЭРҮҮДИЙГ НҮҮЛГЭНЭ-
-Аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд барилгын материалын захыг нүүлгэх асуудал дээр ямар байр суурьтай байна. Өмнө нь энэ асуудал хэд хэдэн удаа яригдахад нэлээд их эсэргүүцэлтэй тулгарч байсан байх аа?
-100 айлыг нүүлгэх асуудал өмнөх засаг, нийслэлийн удирдлагуудын үед ч тэр эсэргүүцэлтэй тулгарч байсантай холбоотой байдаг. Нүүлгэхэд эсэргүүцэл гарахгүй байна гэж байхгүй. Гэхдээ бид ойлголцоно. Нийслэл ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа ажлуудаа иргэдэд зөв сурталчлан таниулж, хоорондоо хэлэлцэж шийднэ. Одоо энэ ажил ч гэсэн яг ингэж явна. Нүүлгэнэ гэхээр л хүмүүс өнөө маргаашгүй бүгдийг нь хуу хамаад, нүүлгэж худалдаа наймааг нь зогсоох юм шиг ойлгоод байна. Тийм биш энэ ажил гурван үе шаттай явагдах юм.
Нэгдүгээр үе шат: 100 айл орчим гадуур худалдаа эрхэлж байгаа зөвшөөрөлгүй мод, чулууны мужааны цех, тавилгын үйлдвэрүүдийг хаах замаар. Эдгээр газрууд химийн хортой элемент орсон барилгын материалыг бүтээгдэхүүн хийхдээ ашигладаг учраас зориулалтын газар үйл ажиллагааг нь явуулуулахаар нүүлгэн шилжүүлэх юм. Энэ жил гуравдугаар сараас тавдугаар сарыг дуустал хийгдэнэ. Баруун, зүүн, хойд бүс рүү задалж нүүлгэнэ. Жишээ нь, Налайх дүүрэгт барилгын үйлдвэрлэлийн парк бий болж байгаа учраас тийш нүүлгэх юм. Мөн стандартын шаардлага хангахгүй ТҮЦ, дэлгүүрүүдийг журамлаж, баталгаатай хүнс бараагаар иргэдэд үйлчилдэг болгоно.
Хоёрдугаар үе шат: Таваас наймдугаар сард явган болон авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх. 100 айлын замыг өргөтгөж 4-6 эгнээ болгох, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.
Гуравдугаар үе шат: 2018-2020 оны хооронд Мэргэжлийн хяналт, Онцгой, Барилга байгууламжийн хяналтын хэлтсээс гарсан дүгнэлтийн дагуу шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нурааж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулна. Орон сууцжуулах хөтөлбөр энэ дотор хэрэгжээд явах юм. Шинээр орчин үеийн барилгын худалдааны төвүүд бий болгоно. 100 айл орчмыг өнөө маргаашгүй нүүлгэж, лангууг нь хаахгүй гэдгийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй. Бид бага багаар 100 айлд бизнес эрхэлж байгаа иргэдийн нөхцөлийг сайжруулах, бүртгэлжүүлж, таатай орчинд ажиллах боломжоор хангаж өгөх гээд байгаа юм. Тиймээс иргэддээ сэтгэлтэй, идэвхтэй хандаж, бидний хийх ажлыг дэмжээрэй гэж хэлмээр байна.
-НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД УДАА ДАРАА ХУРАЛДАА ИРЭХГҮЙГЭЭС БОЛЖ 100 АЙЛЫГ НҮҮЛГЭХ АСУУДАЛ ХОЙШЛОГДОЖ БАЙНА-
-100 айлын барилгын материалын төвүүд хэдхэн хувь хүн, байгууллагын өмч, түрээслэгч олонтой газар. Төвүүдийн эзэдтэй уулзаж яриа хэлэлцээр эхэлсэн үү?
-Бид яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа. Бидэнд 100 айл орчим барилгын төвтэй бизнес эрхлэгч нарын гарын үсэгтэй, өөрсдийнхөө санаа бодлыг тусгасан нэлээд олон хуудас бичиг ирсэн. Би бүгдийг нь уншиж танилцсан. Хамтраад ажиллах боломж харагдаж байна лээ. Удахгүй уулзалт товлоно. Томоохон барилгыг иргэдэд түрээсэлдэг хэдэн аж ахуйн нэгж байгаа. Эдгээр барилгын төвүүдийн үйл ажиллагааг шинэчилье гэж байгаа. Зай, түрээсээ бодоод битүү лангуу чихчихсэн, голоор нь хоёр хүн зөрөх зайгүй ийм газруудыг нэг стандарттай болгох гээд байгаа юм. Үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалж, зогсоол тохижилтын талбайг зөв зохион байгуулж хийе. Өнөөдөр 100 айлд барилгын материалын дэлгүүрээр үйлчлүүлэх гээд очихоор ямар байдаг билээ. Надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа болов уу. Одоо энэ газрыг цэгцлэх цаг нь болсон. Бид хоорондоо ойлголцоод, хамтын шийдвэр гаргаад, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хохироохгүй, ашиг орлогыг нь бууруулахгүй хэл амаа ололцвол цаашид нийслэл хотынхоо өнгө зүсийг засаад, хамгийн гол нь эрүүл аюулгүй орчин бий болох юм.
-Өчигдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар 100 айл дахь барилгын материалын худалдааны төвийг нүүлгэх ажил яригдаж, батлагдах байлаа. Харамсалтай нь дахиад л хойшилчихлоо. Тэргүүлэгчид хуралдаа яагаад ирэхгүй байгаа юм бол?
-2018 оны нэгдүгээр сарын 24-ний 12 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулагдсан. Тэргүүлэгчдийн хурлаар Ажлын хэсэг сар гаруйн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ажлын төлөвлөгөөгөө танилцуулаад, батлуулах ёстой байсан юм. Харамсалтай нь тэргүүлэгчдийн хурал гурав дахь удаагаа хойшилж байна. Тэргүүлэгчдийн хурал НИТХ-аас гарсан бодлогын шийдвэрүүдийг өдөр тутамд хэрэгжүүлж явах ёстой бүтэц байгаа юм. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 11 тэргүүлэгч байхаас сонгуулийн үр дүнгээс хамаарч АН хоёр хүний суудал авахгүй, гурван хүн оруулна гэсэн байр суурьтай байгаа. Үлдсэн есөн тэргүүлэгч МАН-ын бүлгээс сонгогдсон юм. 2018 онд сонгогдон ажиллаж байгаа манай намын бүлгийн есөн тэргүүлэгчийн 4-5 хүн нь хуралдаа ирдэггүй. Өөрсдөө тэргүүлэгч болно гэж бүлэг дотор өчнөөн асуудал болж “Би энэ ажлыг хийнэ” гэж гарч ирчихээд одоо хуралдаа ирдэггүй.
-Тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй болов уу?
-Эдгээр хүмүүст маш том хариуцлагын асуудал ярих ёстой. Тэргүүлэгчийн хуралдаа ирэхгүй байгаа хүмүүсийн нэрийг зарлана гэж бодож байгаа. Энэ 4-5 хүний ажил амьдрал биш байхгүй юу. Нийслэлийн бүх иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг тэргүүлэгчид олж хэлэлцээд шийдэж байх ёстой. Харамсалтай нь үүнийг ухамсарлаж чадаагүй тэргүүлэгчид байдаг юм байна. Тэргүүлэгч болох гэж үхэн хатан зүтгэчихээд, болсон хойноо улсын ажил гацаагаад байвал өөрсдийнхөө ирээдүй, улс төрийн ирээдүйг үгүй хийж байна гэсэн үг. Найз нөхдийн хувьд ч гэсэн би хэлдэг. Харамсалтай нь утсан хүүхэлдэй шиг үүрэг даалгавар өгдөг хүмүүс байдаг юм шиг байна лээ. Үүнээс болж нийслэлийн иргэдийн өмнө тулгарсан асуудлууд шийдэгдэхгүй хойшлоод байна.
М.АМАРЖАРГАЛ