- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- НЯМ
04.22 - БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16
Иргэн С.Одгэрэл нэгдүгээр эгнээгээр зорчлоо гэж Замын цагдаагийн албанаас торгосон торгуулийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан байна. Улмаар өнгөрсөн даваа гаригт шүүхээс түүнд оноосон "Нэгдүгээр эгнээгээр зорчсон" гэх торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Гэтэл Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Иргэн С.Одгэрэл нь нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах нь хууль бус гэдэг мэдээлэл тараасан. Энэ нь ташаа мэдээлэл.
Тухайн иргэн өөрөө автомашинаа унаж яваагүй бөгөөд эзэмшиж эхлэхээс нь өмнө бичигдсэн торгуульд үндэслэн шүүхэд гомдол гаргасан байгаа юм. Иймд шүүхээс уг торгуулийг хүчингүйд тооцсон. Иймд иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна. Цаашид нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгуулийн арга хэмжээ авах журам хэвээр үйлчилнэ” хэмээн няцаалт мэдээлэл хийсэн.
Тиймээс иргэн С.Одгэрэл худал ярив уу, эсвэл Замын цагдаагийн албанаас Монгол Улсын шүүхийн шийдвэрийг үгүйсгэв үү гэдгийг тодруулах зорилгоор иргэн П.Цэвэгмидтэй ярилцлаа. Түүнтэй ярилцах болсны учир нь тэрбээр С.Одгэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хуралд ажиглагчаар оролцож, шүүх хурлын үйл явцыг харж байсан хүн юм. Түүнээс гадна нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчино гэсэн Нийслэлийн засаг даргын захирамж гарснаас хойш өдгөө 5-6 жил тэмцэж ирсэн хүн юм.
Тэрбээр 30-аад жилийн өмнө Замын цагдаагийн газарт Замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан ч 1991 оноос хойш хэзээ ч төрийн албанд дахин ажиллахгүй хэмээн шийдэж, хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм билээ. Ингээд түүнтэй ямар шалтгааны улмаас нэгдүгээр эгнээгээр зорчсон гэх торгуультай тэмцэж эхэлсэн талаар нь ярилцсан юм.
-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМД НЭГДҮГЭЭР, ХОЁРДУГААР ЭГНЭЭ ГЭСЭН
ОЙЛГОЛТ Ч БАЙДАГГҮЙ-
-Иргэн С.Одгэрэл нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж торгуулсан торгуулиа шүүхэд хандаж хүчингүй болгууллаа гэсэн мэдээлэл тараасныг Замын цагдаагаас үгүйсгэлээ. Юу болоод байна вэ. Та шүүх хуралд ажиглагчаар оролцсон хүний хувьд тодорхой, бодит мэдээлэл өгөхгүй юу?
-Би тэр шүүх хуралд ажиглагчаар суусан. Шүүхийн процессыг харсан. Эргүүлээд Замын цагдаагийн газраас хийж байгаа мэдээллүүдийг сайтаас болон телевизүүдээр үзсэн. Би Э.Бөхбат хурандааг худлаа ярилаа гэж хэлэхгүй. Харин цаанаас нь түүнийг худлаа яриулсан байх. Шүүх хуралд оролцсон С.Одгэрэл гэдэг хүний аав Санжаа бид хоёр 20-иод жилийн өмнөх танилууд, мэргэжил нэгтэй найзууд юм байгаа юм. Тэгээд найз маань “надад ийм торгууль ирчихлээ. Би хүүхдийнхээ машиныг барьж яваад торгууль авчихлаа гэж хандсан. Тэгэхээр нь би Замын хөдөлгөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ талаас нь наад торгуулийг чинь төлөх үндэслэл байхгүй гэж хэлсэн. Тэгээд С.Одгэрэл Замын цагдаагийн албанд хандсан юм билээ. Хандахдаа “Хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой. Та нар иргэн П.Цэвэгмидийн торгуулийг хүчингүй болгосон мөртлөө намайг торгох гээд байна. Тиймээс П.Цэвэгмидийг эхлээд торгочихоод дараа нь намайг торго” гэж хандсан. Гэтэл дэд хурандаа Шагдарсүрэн гэж хүн тэс ондоо хариулт өгсөн байсан.Тодруулбал та “Механикжсан тээврийн хөдөлгөөн хориотой” гэсэн тэмдэг зөрчсөн учраас торгосон гэсэн хариулт өгсөн байсан. Тэгэхээр нь шууд шүүхэд ханд гэж би зөвлөсөн. Ингээд шүүх хурлаар нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж торгосон торгуулийг хүчингүй болгосон. Миний хувьд ажиглагчаар хойно суусан. Нэг ч үг хэлж болдоггүй юм билээ. Замын цагдаагийн газрыг төлөөлж шүүх хуралд оролцсон хүн шүүгчийн ямар ч асуултад хариулаагүй. Э.Бөхбат хурандаагийн ярьсан шиг энэ залуу машинаа өөрөө бариагүй, аав нь барьж байсан гэдэг асуудал яриад зогсож байсан. Шүүхээр аав нь барьж байсан болохоор торгуулийг нь хүчингүй болгосон юм биш. Замын цагдаагийнхан машиныг хэн барьж байсан бэ гэдгийг өөрсдөө тогтоох ёстой байсан. Тэр үүргээ биелүүлээгүй орж ирсэн. Дээрээс нь хуулийн хэд хэдэн гаргалгааг шүүгчид тодорхой гаргаж өгсөн. Би хуульч хүн биш учраас тэр бүрийг сайн мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл миний олж хараагүй, хуулийн чиглэлийн 4-5 алдаа байсныг шүүхээс буруутгаж байж тэр торгуулийг хүчингүй болгосон. Гэтэл Замын цагдаагийнхан шүүхийн шийдвэрээ гар дээрээ аваагүй юм уу, эсвэл тийм мэдээлэл дутуу дулимаг байгаа юм уу улайм цайм шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байна билээ.
-Замын хөдөлгөөний дүрэмд нэгдүгээр эгнээгээр зорчвол торгоно гэсэн зүйл заалт байхгүй гэсэн үг үү?
-Замын хөдөлгөөний дүрэмд нэгдүгээр эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалт байхгүйгээр барахгүй нэгдүгээр, хоёрдугаар эгнээ гэсэн ойлголт ерөөсөө байдаггүй. Би нэгдүгээр эгнээгээр зорчихгүй гэсэн журам гарч эхэлсэн цагаас л нэг, хоёр, гуравдугаар эгнээ гэж хуулинд байхгүй. Та нар дүрмийн бус зүйл яриад байна гэдгийг нь хэлж эхэлсэн байдаг.
-ЗАСАГ ДАРГЫН ГАРГАСАН ЗАХИРАМЖИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ЗААЛТ БОЛГОЖ ЧАДААГҮЙ-
-Э.Бөхбат даргын яриагаар энэ журмыг Нийслэлийн засаг даргын захирамжаар гаргасан учраас торгууль төлдгөөрөө төлнө гэж байсан. Тэгэхээр Нийслэлийн засаг дарга хууль бус захирамж гаргасан болж таарч байна уу?
-2012 он Замын цагдаагаас Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд Замын хөдөлгөөний ачаалал бууруулах найман зүйл бүхий санал танилцуулсан. Үүнийг нь НИТХ-ээр хэлэлцээд тэндээс батлагдсан журам. Хотын дарга захирамж гаргаж болно. Захирамж гаргах эрхтэй. Гэвч энэ засаг даргын захирамжийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт болгож хувиргадаг ажлаа Замын цагдаагийнхан хийж чадаагүй. Хөдөлгөөнд оролцож байгаа ямар ч жолооч замын тэмдэг тэмдэглэгээг нь хараад, замын хөдөлгөөний дүрмээ уншаад энэ эгнээ рүү орж болохгүй юм байна гэж мэддэг байх ёстой. Дүрэм журамдаа тусгаад өгчихсөн бол хотын даргын захирамж гэж харахаа болино. Тодруулж хэлбэл захирамжийг замын хөдөлгөөний дүрмийн заалт болгож оруулаагүйгээс өнөөдөр энэ журам нь хууль бус болчхоод, би тэмцээд байгаа юм. Бүхэл бүтэн 21-р зуун болчхоод байхад Монгол Улсын нийслэл, наяад жилийн түүхтэй Замын цагдаагийн газар Нийслэлийн засаг даргын захирамж гараад зургаан жил шахам болж байхад ганц эгнээнд л тэмдэг тэмдэглэгээ тавьж чадахгүй байна шүү дээ. Энэ бол ичмээр л үйл явдал. Нийслэлийн засаг даргын захирамжид “Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулна” гэж бичсэн байдаг. Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ гэж байдаггүй байтал эд нар тийм захирамж гаргасан. Замын хөдөлгөөний зохион байгуулалтын зүгээс, мэргэжлийн түвшинд авч үзэхэд нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээ гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр нэгдүгээр эгнээ гээд бүр хэвшчихсэн. Хууль бус зүйл хууль болтлоо хэвшчихээд байна. Албаны хүмүүс нь, замын цагдаа нар нь хүртэл нэгдүгээр эгнээ гээд яриад сурчихсан. Ядаж нэр томьёоны хувьд зөв байх ёстой шүү дээ.
-Тэгэхээр шүүх хурал дээр Замын цагдаагийн газрын төлөөлөл нэгдүгээр эгнээгээгээр зорчсон торгуулийн заалтаа замын хөдөлгөөний дүрэмд тусгаагүй байсан болохоороо буруутаж, торгуулийн хуудсыг хууль зөрчсөн гэж баталж чадаагүй гэсэн үг үү?
- Огт баталж, нотолж чадаагүй. Шүүх хурал дээр юу ч хэлж чадаагүй. Ганцхан хэлсэн үг нь механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чиглэлийн тээврийн хэрэгслийн хэрэгсэлд хамаардаггүй гэж л хэлсэн. Би шүүх хурал дээрээс бас нэг зүйлийг сайн ойлгож авсан. “Аливаа төр засаг үндсэн хуулиараа баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, үнэт зүйлсийг хамгаалах зорилгоор гэмт хэрэг зөрчлийг гагцхүү хуулиар тогтоодог. Хууль зүйн суурь зарчмыг хууль тогтоогчоос өөр субьект хуулиар эрх олгоогүй үед хэм хэмжээг тогтоох, гэмт явдал шинээр бий болгохыг хатуу хориглодог” гэж заасан байна. Гэтэл нэгдүгээр эгнээгээр зорчвол торгоно гэсэн журам бол хуулиар заагаагүй шинэ гэмт үйлдэл гэсэн үг. Үүнийг шүүгч маш гоё тайлбарлаж гаргаж ирсэн. Ямарваа нэг гэмт хэрэг зөрчлийг зөвхөн УИХ-аар хэлэлцэж, хуулиар баталгаажуулж байж мөрддөг юм байна. Түүнээс Нийслэлийн засаг дарга захирамж гаргаад,түүнийг зөрчил гэж арга хэмжээ авах эрхзүйн үндэслэлгүй юм байна.
-МИНИЙ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН ТОРГУУЛИУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ХУРАНДААД ЗАХИРГААНЫ АРГА ХЭМЖЭЭ АВСАН-
-Та бас нэгдүгээр эгнээгээр зорчсон торгуулиудаа хүчингүй болгуулж байсан гэсэн үү?
-Тийм ээ. 2016 онд би Замын цагдаагийн газарт өргөдөл гаргаад миний нэгдүгээр эгнээний бүх торгуулийг Замын цагдаагийн газрын даргын тушаалаар хүчингүй болгосон. Тодруулж хэлье. 2016 оны долдугаар сарын 07-ний тушаалаар хүчингүй болгосон.
-Яг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар тодруулахгүй юу?
-Миний торгуулиудыг хүчингүй болгох хүртэлх их түүх бий. Би нэгдүгээр эгнээгээр байнга зорчдог. Би дүрэм зөрчих дуртайдаа биш. Харин ч дүрэм биелүүлэх дуртайдаа байнга явдаг. Нөгөө талаасаа нийгэмд сигнал болж, шударга бус явдлыг эсэргүүцэж байнга явдаг. Тэхээс тэх гэж дугаар хязгаарлалттай өдөр ч байнга явдаг. Ажилгүй байсан ч албаар явдаг. Замын хөдөлгөөнд шударга ёс, дүрэм журам албан ёсоор тогтоолгох гэж тэр. Нэгдүгээр эгнээний торгуулийн асуудлаар би хамгийн анх 2015 оны замын цагдаад өргөдөл өгч байсан. Энэ байгууллагад ажиллаж байсны хувьд цагдаагаас нь авхуулаад даргыг нь хүртэл танина. “Энэ чинь болохгүй байна, хууль зөрчиж байна, үүнийгээ засаж янзал” гэж зөвлөсөн ч тоохгүй байсан учраас би аргагүйн эрхэнд Замын хөдөлгөөний удирдлагын төвд өргөдөл өгсөн. Гэтэл надад эхний хуудсанд байгаа хариултыг ирүүлсэн. Тодруулбал Энхтайвны өргөн чөлөөгөөр нэгдүгээр эгнээгээр зорчихдоо 7.1-7.3,7.4 гэдэг заалт зөрчсөн гэж байгаа юм. 7.1 гэдэг нь үргэлжилсэн цагаан шугам. Энэ шугамыг давахыг хориглодог. Гэтэл энэ үргэлжилсэн цагаан шугам Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээнд огт байдаггүй. Замын цагдаагийнхан огт байхгүй цагаан шугам зөрчсөн гэх үндэслэлээр торгож байсан байгаа юм. 7.2 гэдэг нь замын хажуугийн брожурын ёроолоор байдаг өргөн цагаан шугам байдаг. Гэтэл Энхтайвны өргөн чөлөөнд нэг ширхэг 7.2 шугам байдаггүй. Ингэж хүнийг гүтгэж байсан байгаа юм. 7.3 гэдэг нь Энхтайвны өргөн чөлөөнд байгаа замын голоор байгаа үргэлжилсэн хос цагаан шугам. Нэгдүгээр эгнээнд явж байгаа хүн хоёрдугаар эгнээг алгасаад гуравдугаар эгнээний цаана байгаа үргэлжилсэн хос цагаан шугамыг давж дүрэм зөрчих үү. Бод доо. 7.4 гэдэг нь үргэлжилсэн шар шугам байдаг. Энэ шугам Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зогсохыг хориглодог шугам. Зогсож болохгүй газар ийм шугам тавьдаг. Гэтэл надад нэгдүгээр эгнээгээр зорчиж байхдаа дээрх заалтуудыг зөрчсөн учраас торгосон гэсэн хариу ирүүлсэн.
Үүний дараа би Нийслэлийн Замын цагдаагийн газарт дахин өргөдөл өгсөн. Би Техникийн ухааны доктор, дэд профессор Ч.Жаргалсайханд өргөдөл гаргасан. Гэтэл ирүүлсэн хариундаа 7.2 заалтыг зөрчсөн гэж бичсэн байсан. Өөрөөр хэлбэл өнөөх Энхтайвны өргөн чөлөөний замд байхгүй замын хажуугийн брожурын ёроолоор байдаг өргөн цагаан шугам зөрчсөн гэсэн байсан. Түүний дараа дахиад Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатарт өргөдөл гаргасан. Гэтэл хариу нь 7.2 заалт зөрчсөн учраас торгосон гээд дахиад хүрээд ирсэн.
Би энэ өргөдлүүдээ фэйсбүүдээ тавьж олон нийтэд мэдээлсний дараа сар орчмын дараа Ч.Өлзийбаатар гэдэг хүн яг надтай адилхан өргөдлийг замын цагдаагийн газарт өгсөн. Миний өргөдлийн нэр, машины дугаар, торгуулийн дугаараа солиод бусад утга нь яг адилхан өргөдөл өгсөн. Гэтэл Техникийн ухааны доктор Ч.Жаргалсайхан хариу өгөхдөө сарын өмнө 7.2-оор намайг буруутгаж байснаа мартаад Ч.Өлзийбаатарыг 7.1 заалт зөрчсөн учраас торгосон гэсэн хариу ирүүлсэн байсан. Амархан өөрчлөгдөж байгаа биз. Хууль ингэж өөрчлөгдөөд байна гэж байж болох уу. Би Замын цагдаагийн дарга нарыг дахиж худлаа ярих орон зайгүй болтол нь худлаа яриулсан. Ингээд дараа нь Билгүүн гэдэг залуу Ү.Зоригтбаатарын дараагийн хурандаа Замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж гэдэг хурандаад өргөдөл гаргасан. Тэр хүнд гаргасан өргөдлийн хариунд 7.1-4 дүгээр заалт бүр байхгүй болж, оронд нь 2.3 гэдэг заалтаар буруутгаж байгаагаа бичсэн байсан. Д.Дашдорж хурандаа ядаж замын тэмдгийнхээ нэрийг мэдэхгүй хариу өгсөн байсан.
Үүний дараа надад дахиж торгуулийн хуудас ирэхээр нь би 2016 оны 12 сарын 14-нд өргөдөл бичсэн. Би өргөдлийн хариугаа нэгдүгээр сарын 22-нд Б.Даваазул хурандаагаас авсан. Их сонин хариулт ирсэн болохоор би түүнийг нь аваад Б.Даваазул хурандаатай очиж уулзсан. Та энэ хариуг бичсэн үү гэхэд “Мэдээж би юу гэж бичих вэ дээ” гэсэн. Тэгэхэд би “Мөнхбат аварга хаях би яараагүй байхад унах чи юунд яарах вэ гэж хэлсэн шиг ийм хариу надад өгсөн та нар ичээгүй байхад авсан би та нарын өгсөн энэ хариунаас ичиж байна” гээд өөрт нь өгчхөөд гараад явсан. Сүүлд энэ хариултыг замын цагдаагийн техникийн ухааны доктор Ч.Жаргалсайхан боловсруулж надад илгээснийг мэдсэн.Яагаад би тэднийг ичих хэрэгтэй гэж хэлсэн бэ гэвэл миний фэйсбүүктээ бичиж байсан зүйлийг тэр чигт нь хуулаад надад өгсөн хариундаа бичээд өгсөн байгаа юм. Хүнд өргөдөл өгчхөөд өөрийнхөө бичсэн комментийг өргөдлийнхөө хариу болгож авах хэмжээнд очсон шүү дээ. Онигоо шиг юм болсон байгаа биз. Энэ олон янзын хариулт бол замын цагдаагийнхан иргэдийг яаж элэг барьдгийг харуулж байгаа юм.Нэг асуудалд хууль ийм олон хариулттай байж болдог юм уу. Ингээд хамгийн сүүлд 2016 оны долдугаар сарын 07-нд Ү.Зоригтбаатар хурандаагийн тушаалаар миний торгуулиудыг хүчингүй болгосон. Гэтэл миний торгуулийг хүчингүй болгосон гээд Ү.Зоригтбаатар хурандаад Замын цагдаагийн албанаас захиргааны арга хэмжээ авсан байдаг.
-Та замын тэмдэглэгээгээ зөв болгочихвол торгосон ч болно гэж үзэж байгаа юм уу?
-Тийм ээ. Замын тэмдэг гэдэг бол хуулийн заалт. Хуулийн заалтыг л бид дүрсжүүлчихсэн гэсэн үг. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч хуулийн заалт хэрэглэхдээ энэ хэрэгтэй, энэ хэрэггүй гэж урж тасдаад хаядаггүй биз дээ. Ийм практик дэлхийн хаана байна вэ. Замын хөдөлгөөний дүрмийн 5.11.а гэсэн тэмдэг бол чиний явж байгаа чиглэл хоёр эгнээтэй. Гэхдээ голын эгнээгээр механикжсан тээврийн хэрэгсэл явж болохгүй гэсэн тэмдэглэгээ байгаа юм. Гэтэл манай нөхдүүд энэ тэмдэглэгээний хоёр талыг нь урж хаяад ийм тэмдэг болгоод тавьсан. Би тэдэнд энэ тэмдэглэгээ нь буруу байна гэдгийг тайлбарлаж хэлсэн. Энэ тэмдэглэгээ чинь голын эгнээгээр явж болохгүй шүү гэсэн тэмдэглэгээ. Гэтэл та нар хоёр талыг нь тайраад нэгдүгээр эгнээгээр явж болохгүй болгож ашиглаж байна. Тиймээс би хөдөлгөөнд оролцохдоо тэмдэглэгээгээ баримталж голын эгнээгээр явахгүй байгаа. Эсвэл та нарын хэлдгээр нэгдүгээр, эсвэл гуравдугаар эгнээгээр явж байгаа гэж хэлсэн.
-Гэхдээ нэгдүгээр эгнээнд байрлуулсан энэ тэмдэглэгээ одоо өөрчлөгдсөн харагдсан?
-Түүний дараа замын цагдаагийнхан зам дээр байрлуулсан 5.11.а тэмдгийг тасдаж тавьсан тэмдгээ авч хаясан. Харин оронд нь механикжсан тээврийн хэрэгсэл хориотой гэсэн тэмдгээ дангаар нь тавьсан. Энэ тэмдэглэгээ 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс үйлчилж эхэлсэн. Би мөн л нэгдүгээр эгнээгээр явсаар байсан. Явсаар ч байгаа. Яагаад гэвэл тэдний шинээр тавьсан 2.3 тэмдэглэгээ нь мөн л хуульд нийцээгүй. Энэ тэмдгээр Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тогтоосон маршрутаар явж байгаа чиглэлийн тээврийн хэрэгсэл, жишээлбэл автобус, троллейбус, морин тэрэг, ердийн хөсөг, мопед, унадаг дугуй явахыг зөвшөөрдөг. Энэ тэмдгийг хэрвээ Нийслэлийн засаг дарга тушааж тавиулсан байвал засаг дарга Засгийн газрын эрх мэдэлд халдаж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар баталдаг. Эртээдийн шүүх хурал дээр тодорхой яригдсан. Энэ тэмдэглэгээгээр бол энэ замаар хүүхдийн автобус, ажилчдын автобус, такси, тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүд ч явах ёсгүй. Гэтэл чөлөөтэй явж байгаа. Замын цагдаагийнхан засаг даргын захирамжаа хэрэгжүүлэхийн тулд ийм тэмдэглэгээ тавьчихсан байна. Хэрвээ Замын цагдаагаас энэ тэмдгийг тавьсан бол одоо манайд мөрдөгдөж байгаа хууль дүрмийнхээ хүрээнд Замын цагдаагийн газар Нийслэлийн засаг даргынхаа захирамжийг илт зөрчиж байгаа. Тэгэхээр би хуулийн тэгш байдлыг шаардаж байгаа. Намайг торгох гэж байгаа бол нэгдүгээр эгнээгээр зорчоод байгаа хүүхдийн автобус, ажилчдын автобус, такси, тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдээ бас торго гэсэн шаардлага тавьж байгаа. Монгол Улсын үндсэн хуулинд хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэж заасан.
-Торгуулийг машинаа зарах үед нь бүгдийг нь төлдөг юм билээ. Тэгэхгүй бол эзэмшигчийн нэр солих боломжгүй юм байна?
-Одоо Замын цагдаагийнхан торгууль авдаг муу аргатай болсон. Тэр нь машинаа зарах гэсэн хүнийг заавал торгуулиа төлж байж нэр шилждэг байдалд оруулчихсан.Би өөрийнхөө төлөө яваагүй юм.Би өөрийгөө хамгаалаад иймэрхүү торгуулиас гарчихаж чадна.Өдрийнхөө хоолыг чадан залгуулж яваа,орой гэртээ хэдэн хүүхдэдээ бариад очдог талхнаас нь хууль бус зулгааж байгааг зүгээр хараад сууж чадаагүй юм.Арай гэж машинаа зараад нэрээ шилжүүлэх гээд очоод газар хоёр гурван зуун мянгаар нь тушаагаад толгойгоо барьж байгаа залууг харж л байсан. Нэг үгээр ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлдгээр “хот-замын цагдаа-ХТҮТ” гэсэн жолооч бидэндээ л шударга бусын хонгил бий болчихож.
-Таныхаар тэгээд замын тэмдэглэгээ яг ямар байвал одоо зөв болох гээд байгаа юм бэ?
-Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд нийтийн тээвэрт зориулсан тусгай эгнээг хоёр аргаар зохицуулдаг. Нэг нь хатуу зохицуулалттай. Өөрөөр хэлбэл зөвхөн автобус явна гэсэн тэмдэглэгээ тавиад, нэгдүгээр эгнээндээ үргэлжилсэн цагаан шугам тавьдаг. Харин нөгөө нь уян зохицуулалттай. Энэ нь зөвхөн автобуснаас гадна нөгөө хүүхдийн, ажилчдын, такси, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл явуулахыг зөвшөөрдөг тэмдэг тавихыг хэлнэ. Энэ зохицуулалт бол дэлхийн хаана ч байдаг. Энэ зурган дээрх бол Москвагийн замд авсан зураг байна. Энэ уян зохицуулалт гэдгийг миний амнаас анх замын цагдаагийнхан мэдсэн. Одоо жил гаруй уян зохицуулалт гэж юу вэ гэдгээ мэдэхгүй яваа юм. Би схемийг нь гаргаад, тэмдэглэгээг нь хийгээд өгч болно. Гэхдээ та нар хэлмэгдүүлж, хууль бусаар торгосон хүмүүсийнхээ торгуулийг тэглэж, уучлал гуй гэсэн шаардлага тавьж байгаа. Би 2016 оны долдугаар сард Нийслэлийн засаг дарга шинээр сонгогдоход засаг дарга, НИТХ-ын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гуравтай өөрийн биеэр очиж уулзаж байсан. Та нарыг ажил авахаас өмнө нэгдүгээр эгнээгээр явлаа гэж 648 мянган жолоочийг торгож хохироосон байна. Энэ бол Э.Бат-Үүл даргын хариуцах асуудал. Харин үүнээс хойш энэ журмаа засахгүй бол та нарын тоолуур ажиллаж эхэлнэ шүү гэж би хэлээд гарсан. Гэтэл одоо хүртэл таг.
-ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НЬ ЗАМЫН ЦАГДААГААСАА АЙЖ БАЙНА-
-Тэмдэг тэмдэглэгээг солих хөрөнгө мөнгөгүй болчхоод байгаа юм болов уу?
-Эхлээд хийсэн хууль бус тэмдэглэгээгээ дахин хууль бус тэмдэглэгээгээр солих мөнгө тэдэнд байсан шүү дээ. Би бүр аргаа бараад 2017 оны 12-р сард Ерөнхий сайдад ил захидал бичсэн. Гэтэл бас л таг. Сүүлдээ таг байх нь аргагүй гэж бодож байна. Яагаад гэвэл замын цагдаагийн газар нь бүхэл бүтэн хуулийн заалтыг ураад тасдаад, голынхыг нь тэмдэглэгээ болгоод зам дээрээ хадаж байгаа улс Ерөнхий сайдыг айлгадаг юм байна гэж бодож байна. Замын цагдаагаасаа айдаг засгийн газрын тэргүүнтэй улс бололтой. Бодоход гунигтай. Хэрвээ айгаагүй байсан юм бол ийм шударга бус явдал болж байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн хүн байж та нар ядаж засаж цэгцлээч гээд доод албан тушаалтнууддаа үүрэг өгдөг байгаа даа. Гэтэл ил захидал өгөөд 90 гаруй хонож байхад хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй.
-Та цаашид яая гэж бодож байна?
-Надгүйгээр шүүх цаашид үнэн мөнийг тогтоож эхэлж байгаа юм байна. Би их сонин зүйл сонслоо. Миний гайгүй сайн таньдаг замын цагдаагийн хурандаа “Шүүх улстөржсөн шийдвэр гаргасан байна” гэж ярьж байна гэнэ. Даварч байгаа биз. Ерөнхий сайдыг айлгаад, одоо шүүхийн шийдвэрийг шүүх нь байна шүү дээ. Тэр үгэнд нь үнэхээр дургүй хүрч байна. Надад шүүх хурлын дараа нэгдүгээр эгнээгээр зорчсон гэсэн камерын зөрчилтэй торгуулийн хуудас хоёр ирсэн. Би Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гомдол гаргаж байгаа. Одоо замын цагдаагийнхан бэлтгэлээ их сайн хангаад тэр шүүх хуралд очоод надтай мэтгэлцэх хэрэгтэй. Тэгээд шүүх улстөржсөн шийдвэр гаргадаг юм уу, үнэхээр мэргэжлийн чин үнэнч шийдвэр гаргасан юм уу гэдгийг харах хэрэгтэй. Хурандаа нар юу дуртайгаа хийдэг, хуулийн заалтыг хоёр талаас нь урж байгаад тэмдэглэгээ болгож тавьдаг, Засгийн газраа айлгадаг, шүүхийг шүүдэг болж. Саяхан цагаан сарын үеэр Замын цагдаагийн газраас албан ёсны фэйж хуудсаараа дамжуулаад “шинийн 1-3-ны хооронд нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчиж болно” гэж мэдээлэл тавьсан байсныг олон сайт авч мэдээллэсэн. Энэ яаж байгаа юм бэ. Дураараа дургиж байгаагийн шинж биз дээ. Нийслэлийн засаг даргын захирамж үйлчилж байгаа юу. Захирамжаа шинийн 1-3-нд цуцална гэсэн захирамж гаргасан бил үү. Эсвэл нийслэлийн засаг дарга шинийн 1-3-ны хооронд өөрийн эрх мэдлээ замын цагдаагийн газарт шилжүүлсэн үү. Бүр хуульгүй боллоо. Хуулийг дур дураараа өөрчилж тайлбарладаг боллоо.
-Таныг цагдаа хүн байж цагдаагийн байгууллагатайгаа тэмцлээ, өөр сонирхол байна уу гэж хардах хүмүүс байгаа байх?
-Би замын цагдаагийн албанд таван жил Замын хөдөлгөөний зохин байгуулалтын инженерээр ажиллаж байгаад 1991 оноос төрийн албанд дахин ажиллахгүй гэж шийдсэн. Хүн нэг л үгээрээ байх ёстой биз дээ. Намайг Замын хөдөлгөөний асуудлыг шүүмжилсний төлөө энэ дарга болох гэж байна гэж ярьдаг. Танай сайтаар дамжуулаад хэлэхэд би 1991 оноос хойш төрийн албаны хаалгыг хаачихсан. Дахиж онгойлгохгүй. Би одоо хувиараа наймаа хийж амьдардаг. Дүнжингарав худалдааны төв дээр худалдаа эрхэлдэг. Чөлөөт худалдаачин хүн.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БУРМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН