- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БЯМБА
04.21 - БААСАН
04.20 - ПҮРЭВ
04.19 - ЛХАГВА
04.18 - МЯГМАР
04.17 - ДАВАА
04.16 - НЯМ
04.15
Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн Анхдугаар Зөвлөлдөх уулзалтын хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ж.Мөнхбат нар даргалан явуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх эхний сэдэв нь “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах” байв. Энэ сэдвийн талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан.
Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурал бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага юм. Харин Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн хүрээнд улс орны аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах үүрэгтэй.
Хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллага тус тусын бүрэн эрх, чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжтой байж, харилцан хяналттай ажиллах нь Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим юм. Энэ зарчмыг илүү тууштай хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуульд зарим тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна” гэлээ.
Сэдвийн хүрээнд дараахь саналуудыг дэвшүүлж байгаа аж.
Санал 1.1: Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгох;
Санал 1.2: Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаар тогтоох;
Санал 1.3: Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах.
Энэ хүрээнд хуралдаанд оролцогчид Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг Ерөнхий сайдад олгосноор дэвшил гарна гэдэгтэй та санал нийлэх үү, ингэснээр Ерөнхий сайд болон Засгийн газар илүү хариуцлагатай, үр бүтээлч ажиллаж чадах уу? Энэ нь улс орны болон иргэдийн эрх ашигт таатай, эерэг нөлөө үзүүлэх үү? Энэ өөрчлөлтийн сөрөг талыг та юу гэж бодож байна вэ? гэсэн асуудлыг хэсэг тус бүр ярилцах юм байна.
Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох заалтыг дэмжиж байгаа эсэх, яамдын тоо, нэрийг Үндсэн хуульд тусгах нь зөв эсэх талаар хэлэлцэх юм байна.
Энэ өдрийн хуралдаанаар “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулах юм байна.
Ж.МАРАЛ