Математикийн олимпиадын аварга Н.Ганибал

Aдмин / Улстөр

Португалийн DED боловсролын зөвлөх компанийн шинжээч

Б.Болорчимэг: Том охин маань нэг удааТа аавын юунд нь дурлаад гэрлэсэн бэ?” гэж асуухаар нь биАав чинь математикийн олимпиадын аварга байсан болохоор.” гэж хариулаад инээлгэж байсан юм.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та аль нутгийн хүн билээ, өөрийгөө товч танилцуулаач.

Энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Намайг Борын Болорчимэг гэдэг. Би Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн.

Таны бага насны тухай ярилцлагаа эхлүүлье.

Би нэг ах, нэг эгчтэй айлын бага хүүхэд. Их Богд уулынхаа энгэрт хөдөө суманд төрсөндөө их бэлгэшээдэг. Тэр үед аав маань сумын сургуулийн захирал, ээж маань эмнэлэгт их эмч байсан. Намайг 4 нас арай хүрээгүй байхад манайх аймгийн төвд нүүж ирсэн. Хөх толгойнхоо энгэрт, бас Номгон уулынхаа дэргэдүүр урсах Түйн голын эрэг дээр ах, эгчтэйгээ тоглож өссөн. Айлын бага болохоор бас их эрхэлнэ ээ. Багадаа аавыгаа дагаад сургууль дээр нь байнга л очдог байсан. Сургуульд орсныхоо дараа өвлийн цастай өглөө ороолт, малгай хоёрынхоо завсар зөвхөн нүд нь гарсан, сормуус нь цантан уур манан савсуулсан хүн аавдаа хөтлүүлээд л сургууль руугаа “дэгддэг” байсан. Ээж маань хол, ойрын дуудлагад их явна. Би байнга дагаж уйлдаг тул надаас нуугдаж явах гэж бөөн юм болдог байсан гэсэн. Би 1982-1991 онд Баянхонгор хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд суралцаж, төгссөн.

Нөхөртэйгөө анх танилцаж байсан үеийн дурсамжаасаа та хуваалцаач.

Намайг 2 дугаар курст орох жил Гани маань оюутан болж ирээд 18-тай хүүхдүүд МУИС-ийн оюутны 5 дугаар байранд танилцаж байлаа. Эгч маань МУИС-д суралцаж байсан тул би тэнд эгчтэйгээ хамт амьдарч байсан. Харин Ганигийн Сүхбаатарын хэд хэдэн найз нь манай оюутны байранд амьдардаг байсан. Тэгээд Гани эхлээд найзууд дээрээ ирдэг байгаад сүүлдээ бас тэнд амьдардаг болсон. Нүдээрээ инээсэн бас нүдэнд дулаахан “ах” санагддаг байлаа. Бид оюутны байрны нэг давхарт байсан болохоор байнга л тааралдана шүү дээ. Нөхөр маань тэр үед үеийнхнээсээ нилээн биерхүү харагддаг бас угаасаа яс томтой болохоор биднээс ах гэж бодож байсан юм шиг байгаа юм. Нэг удааЭнэ ах яагаад дандаа өөрөөсөө дүү хүүхдүүдтэй нийлээд байдаг юм бэ?” гэж хэнээс ч билээ асуугаад бид чацуу гэдгээ мэдсэн. Найзууд нь түүнийг их хүндэтгэж, сонсдог байсан нь надад эерэг сэтгэгдэл төрүүлсэн байх. Би 17 нас арай хүрээгүй оюутан болсон болохоор зах зээлийн шилжилтийн үе болоод бүх юм хомсдолд орсон гэдгийг сайн ойлгохгүй эгчээсээ дандаа л зайрмаг нэхдэг багын эрх зангаа тавьдаггүй оюутан байлаа. Харин Сүхбаатарын оюутнууд жигтэйхэн сэргэлэн, хөдөлгөөнтэй, бага сага бизнес хийчихдэг сүрхий хүүхдүүд байсан. Тэд оюутны байрыг “хувьчилж” аваад сайхан болгох тухай ярьдаг байсныг нь би ойлгохгүй гайхдаг байлаа. Тэд нартай нийлээд тав дахь болон хагас сайн өдөр бүр “диско” зохион байгуулаад, оюутны байраа дуу хөгжмийн их нүргээнд “сэлүүлдэг” байлаа. Харанга хамтлагийн Санана даа, чи намайг санана даа Сар нарыг унтуулан сэрээж сананаа...” гээд л тухайн үед жинхэнэ хит болж байсан “Үгүйлэн санана” дуун дээр Гани намайг уриад бүжиглэдэг байсан нь санаанд тодхон байна. Тэгээд л одоогийн залуучуудын ярьдгаар “хальт” үерхэж эхэлсэн. Залуу хүүхдүүд байсан болохоор тэгсхийгээд больсон юм шиг байгаа юм.

Гэр бүл болсон тухай нь яриагаа үргэлжлүүлье.

Биднийг оюутан байх тэр үед нийгэм тэр аяараа хэцүү байдалд байсан болохоор гэр бүл болох талаар боддог нь цөөн байсан санагддаг. Эгч их сургуулиа төгссөний дараа би оюутны өөр байранд амьдардаг болоод бид хоёр ер нь уулзалдахаа больсон. Гэхдээ Гани нэг найзаас (Сүхбаатарын бэр) маань “Болороо хаана байгаа вэ, юу хийж байгаа вэ...” гээд л миний тухай байнга асууж, мэдэж явсныг нь олон жилийн дараа өөрөөс нь сонссон. Нэг удаа Болороо хаана байгаа вэ?” гэсэн чинь “Америк сурахаар явсан” гэсэн хариулт сонссон гэсэн. Гани Англид байхдаа нөгөө найз руу маань утсаар яриад бас л “Болороо хаана байгаа вэ?” гэсэн чинь “Америкаас ирчихсэн” гэхээр нь миний утасны дугаарыг авсан байсан. Тэгээд л бид байнга утсаар ярьдаг болсон. Нөхөр маань зуны амралтаараа ирээд бид хамтын амьдрал эхлүүлсэн дээ. Гани Англи руу буцаж явсны дараа бид өдөр бүр утсаар ярина, мэйлээр харилцана. Гэхдээ л олон жил хол байсан хүмүүс богино хугацаанд эвээ олохгүй хэцүү байсан юм шиг байгаа юм. Нэг мэдэхнээ л муудчихна. Бичсэн мэйлүүдэд нь хэд хоног хариу бичихгүй байснаа нэг өдөр “Сайн уу...” ч байхгүй Английн визний хүсэлтэн дээр хаягийг чинь тэгээд юу гэх юм бэ?” гэсэн мэйл аваад Гани маань жигтэйхэн их баярласан гэсэн. ТэгээдЭнэ бол миний амьдралдаа авч байсан хамгийн гоё захидал байлаагэж бичсэн байсан. Гани маань Английн Манчестер хотод байсан болохоор бид ер нь тэнд амьдаръя гэж ярилцаад би Манчестерийн Их Сургуульд суралцах материалаа тэнд байхдаа аваачиж өгөөд, удалгүй тэнцсэн гэсэн хариу авсан. Харин сургалтын төлбөр өндөр, тэтгэлэг тэр болгон олдохгүй тул нилээн хугацаа шаардлагатай болсон. Харин нөхөр маань нэг л өдөр Хоёулаа хэр удаан ингэж нэг нэгнийгээ онгоцны буудал дээр ээлжилж гаргаж өгөх билээ гэж хэлээд Англид ажиллаж амьдрах урт хугацааны эрх авсан хэрнээ бүх боломжоо орхиод ирсэн дээ.

Та хоёр өөр, өөр улсад сурч амьдарч байсан гэлээ шүү дээ. Зах зээлийн шилжилтийн үеийн тухай ч ярилаа. Та 2-ын анхны аяллын талаар сонирхож болох уу? Ардчиллын өлгий нутагтай танилцсан монгол залуусын тухайн үеийн сэтгэгдлээс эргээд нэг дурсаач?

Би 1995 онд одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Англи, орос хэлний багш мэргэжлээр төгссөн. 1999 – 2001 онд АНУ-ын Нью Йорк хот дахь Колумбын Их Сургуульд суралцаж, боловсролын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан. Гани Англид бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан. Америк болон Их Британийн аялга хоорондоо ялгаатай. Дээр нь Манчестерийн хүмүүсийн аялгыг ойлгох их хэцүү. Тэгээд л нөхөр минь миний хөтөч, орчуулагч хийгээд л бид Английн Лондон, Манчестер, Ливерпүүл зэрэг хотоор аялж байсан нь хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамж болж үлдсэн дээ. Лондон хотод Их Британийн Хатан хааны цэцэрлэгт хүрээлэнгээр үүргэвчээ үүрээд л, хөтлөлцөөд алхаж байсан минь өчигдөрхөн юм шиг л санагдаж байна.

2000-аад оны эхэн үед Монгол Улсын маань хөгжил ямар түвшинд байсныг бидний үеийнхэн сайн мэднэ. Харин одоогийн хүүхэд, залуучуудад ярихаар төсөөлж чаддаггүй юм. Америк, Англи гээд өөр соёлтой, өндөр хөгжилтэй оронд очиход бид ер нь “соёлын шок”-нд ордог байсан үе. Сүүлийн хориод жилд Монгол Улс маань танигдахааргүй өөр болсон, хөгжсөн. Энэ бол ардчилсан нийгмийн үр дүн гэж би боддог. Харамсалтай нь нийгэм дэх ялгаатай байдал улам л гүнзгийрээд байна. Нийгмийн тэгш байдлыг бэхжүүлэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулахад монгол иргэн бүр ялангуяа залуу хүн бүр санаа тавих ёстой. Нөхөр бид хоёр залуудаа харь оронд очиж амьдраад “эх орноо, эх нутгаа санана” гэж ямар мэдрэмж байдгийг сэтгэлээрээ мэдэрч үзсэн бөгөөд өндөр хөгжилтэй улс орон ямар байдгийг нүдээр харж мэдсэн болохоор бид эх орныхоо хөгжилд заавал хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог, хүүхдүүддээ ч мөн адил ингэж хэлдэг.

Хамт амьдарсан цаг хугацаанд нөхрийнхөө ямар зан чанарт нь илүү татагдсан бэ? Юугаар нь бахархдаг вэ?

Том охин маань нэг удаа “Та аавын юунд нь дурлаад гэрлэсэн бэ?” гэж асуухаар нь би “Аав чинь математикийн олимпиадын аварга байсан болохоор.” гэж хариулаад инээлгэж байсан юм. Ер нь бол энэ үнэн шүү. Аав маань физик, математикийн багш мэргэжилтэй байсан, бас ах, эгч бид гурав гурвуулаа л аймгийн математик, физикийн олимпиадад амжилттай оролцдог байсан. Би бага, дунд ангидаа аймгийн тооны олимпиадад хэд хэдэн удаа аварга болж байсан ч ахлах ангидаа Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид орсон. Битүүхэндээ математикийн улсын олимпиадад орж үзэх юмсан гэж боддог байсан байх. Тэгээд Ганиг Сүхбаатарын тооны олимпиадын аварга, улсын олимпиадын уран бодолтын шагнал авч байсныг нь найзуудаас нь мэдээд үнэхээр ухаантай мундаг юм аа гэж бодож байсан. Тэр бодол минь ч одоо хэвээр, улам бэхэжсэн. Зан чанарын хувьд манай хүн ер нь их дөлгөөн, уурлана гэж ёстой үгүй. “Барам” гэж хэлбэл хамгийн ууртай байна гэсэн үг. Харин охид маань аавыгаа “Барам” гэхээр шоолоод инээгээд байдаг юм. Хөдөө ажлаар их явна, ирэхэд нь заавал нэг юм нь дутуу байна. Би бас хөдөө ажлаар их явдаг байлаа. Нэг өвөл би хөдөө ажлаар явах гээд аяны хөнжлөө хайгаад, олдохгүй болохоор нь Ганигаас асуусан чинь “Аан хөдөөний хүнд өгсөөн. Чи бид хоёроос тэр хүнд илүү хэрэгтэй хө” гэсэн юм. Бас нэг удаа баруун аймгуудаар ажлаар явж байгаад дотуур байранд хоносон чинь байрны хүүхдүүд дүрсгүй телевизийн дууг нь сонсоод “үзэж” байхаар нь томилолтын мөнгөө шавхаад телевиз аваад өгчихсөн байсан. “Нэг дүүдээ ажил олж өгөх хэрэгтэй боллоо” гэхээр нь “Ямар дүү?” гэсэн чинь “Яагаа вэ нөгөө машин мөргөдөг дүү” гэж байсан хүн шүү дээ. Би “Өө бүр дүүтэй болчихож” гээд инээгээд өнгөрсөн. Машин нилээн эвдрээд нэг хэсэг унаагүй байсан хэрнээ тэр оюутан хүүхдээс мөнгө авах нь битгий хэл, сургуулиа төгссөнийх нь дараа ажил олж өгөх гээд явж байсан. Аав маань хүнд их тусч, бусдын л төлөө гэсэн ийм л хүн байсан болохоор Ганигийн энэ занд би үнэхээр хайртай.

Гани айлын бага хүүхэд хэрнээ их хариуцлагатай. Ах, эгч нар нь бас тэдний хүүхдүүд болон найзууд нь зөвлөлдөх хэрэгтэй үедээ Ганитай л зөвлөж, санаа оноог нь асууж, зөвлөгөөг нь дагадаг. Гани юм их уншдаг болохоороо тал талын мэдлэгтэй. Би ч бас өөрийн ажилтай холбоотой зүйлээ нөхрөөсөө асуух үе их байдаг. Эргээд бодоход хүүхдүүдээ ямар цэцэрлэг, сургуульд оруулах вэ, ямар дугуйланд хамруулах вэ гэдгийг дандаа нөхөр маань шийдэж байсан юм байна.

Охин хүүхэд аавдаа амь байдаг гэдэг шүү дээ. Танай охид аавдаа их эрхлэх үү?

Хадам аав маань “Эдний дөрөв нялуун шүү” л гэдэг юм. Бага охин бол “ааваасаа гарсан” юм шиг л байдаг. Хөдөө олон хоногоор явахаар нь санаад уйлна, байнга л мессенжерээр харж ярина гэнэ, “Хайртай шүү. Ирж байна уу? Яг хэзээ ирэх вэ?” гээд л мессеж бичээд, харилцан “зүрх”, “үнсэлт” явуулаад байна. Том охин наанаа нэг их тоохгүй юм шиг хэрнээ “Аав гэртээ байхаар нэг л гоё” гэдэг юм. Аав бол хоёр охиноо эрхлүүлнэ шүү дээ. Аавыгаа завтай үед манай гурав цэцэрлэгт хүрээлэнгээр дугуй хамт унана, кино татаж үзнэ. Хоёр охин “Манчестер сити” багийн тоглолтыг аавтайгаа зэрэгцэж сууж байгаад үзнэ, бүр сэрүүлэг тавьж байгаад шөнийн гурван цагт босож үзээд “гоол” гээд л орилоод суудаг хүмүүс дээ. Би дугуй унаж чадахгүй, бас дээр нь хөл бөмбөгийн тэмцээнээр гоол оруулсан бүх багийг л дэмжээд байдаг, бүр манай багийн эсрэг тоглож байгаа баг гоол оруулсан ч дэмждэг гэж шүүмжлүүлдэг юм. Гани хүүхдүүдээ хөгжүүлэх тал дээр санал санаачилга их гаргана бас бид гурвыг их урамшуулна. “Чи чадна аа” гэсээр байгаад намайг машин бариулж сургасан. Багад нь аав нь тусалж дэмжээд урамшуулаад байсан болохоор охид маань дугуй, ролик зэргийг дор нь унаж сурсан. Гани өөрөө урлагийн авьяастай болохоороо бага охиныхоо авьяастайг мэдрээд зургийн болон төгөлдөр хуурын дугуйланд явуулсан. Бага охин их гоё зурна, өдөржин л дуулж, бүжиглэнэ. Аав нь том охиныхоо физик, математикийн олимпиадын бодлогыг бодоход нь тусалдаг. Бас охиндоо баахан тооны олимпиадын бодлого бодох ном авсан байсан.

Харин та боловсролын салбарт ажилладаг, багш хүний хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Юун дээр илүү анхаардаг вэ?

Бид хоёр хүүхдүүдээ ер нь тэг ингэ гээд байдаггүй ээ. Хүүхдүүд маань хичээл номондоо дуртай, хийж байгаа зүйлдээ хариуцлагатай ханддаг, бусдын төлөө санаа тавьж, хэрэгтэй үед нь туслах ёстой гэдгээ сайн мэддэг болохоор ер нь юм хэлдэггүй. Харин багш хүний хувьд гэх юм уу даа “Монгол хүн байж гадаад хэл сайн мэддэг хэрнээ монгол бичгээ мэддэггүй байж ёстой болохгүй шүү. Монгол бичгийг болж өгвөл төгс сураарай” л гэдэг. Намайг Америкт анх очиход “Солонгосоос ирсэн үү?”, “Хятадаас ирсэн үү?” эсвэл “Японоос ирсэн үү?” гэж асуудаг байсан. Ингэж асуухад нь би үнэхээр дургүй “Үгүй ээ. Би Монголоос ирсэн” гэнэ. Одоогоос 21 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэр үед Америк оюутнууд ер нь л Монголын тухай мэддэггүй байсан. Бусад улсын оюутнууд “Та нар ямар хэлээр ярьдаг вэ? Хятад хэлээр ярьдаг уу?” гээд “дургүй хүргэсэн” асуулт асууна. Тэр болгонд нь Монголынхоо тухай ярьж өгнө. “Бид бол өөрийн хилтэй, хэлтэй, бичигтэй тусгаар Монгол Улсын иргэн” гэдгээ хэлээд монгол бичгээр “Би Монггол хүмүн” гэх мэтээр бичиж үзүүлдэг байсан. Миний монгол бичгийн мэдлэг тийм ч сайн биш, хэрэглэхгүй болохоор олон жил дунд түвшний л мэдлэгтэй байна. Тийм болохоор л би хүүхдүүддээ “Монгол хүн юм чинь монгол бичгээ төгс эзэмшээрэй” гэж захидаг. Өвөөг маань Дарамжавын Лхамсүрэн гэдэг. Одоогийн ШУТИС-ийн Холбооны сургуулийн анхны захирал байсан гэсэн. Өвөө маань Латин үсгийн анхны багш бөгөөд тухайн үеийнхээ өндөр боловсролтой хүмүүсийн нэг байсан. Хадам аавыг Монгол Улсын Гавьяат багш болоход би хүүхдүүддээ “Ийм мундаг өвөө нарынхаа нэрийг өндөрт өргөж явахаас өөр сонголтгүй боллоо доо.” гэж хэлж байлаа. Том охин маань монгол бичгийг шамдан суралцаж байгаад би тун баяртай байгаа. Фэйсбүүк хаягтай болоод хамгийн түрүүнд Монгол бичгийн группын гишүүн болсон байсан. Би их бахархсан.

"Наран мандах нутагт зорчсон нь" Гэрэл зургийг М.Зоригт, 2018 он

Нөхөр тань багаасаа ном их уншдаг байсан талаар саяхны нэг ярилцлагыг нь уншсан.

Гани ном их уншдаг. Номын дэлгүүрт ороод нэг биш хэд хэдэн, заримдаа тор дүүрэн ном авдаг. Ер нь хамгийн сүүлчийн мөнгөөрөө юу авах вэ гэвэл ном л авах хүн. Гани гадагшаа явахдаа замдаа уншина гээд хэд хэдэн ном авч явдаг болохоор хүүхдүүд маань вагон, онгоцоор явах үед хүн бүхэн заавал ном авч явж унших ёстой гэсэн ойлголттой болсон байна билээ. Ийш тийшээ явах болохоор өмсөх хувцсаа бэлдэхээсээ илүү ямар ном авч явах вэ гэдэгт илүү анхаарал хандуулдаг болсон нь анзаарагдсан.

Гэрийн эзэн хааяа гарын хоолоороо гурван бүсгүйгээ дайлна биз дээ? Нөхөр тань хэр сайн хоол хийдэг вэ?

Нөхөр маань ямар ч хоолыг сайн хийнэ шүү. Ямар сайндаа л бага охин “Миний гэр бүл” гэсэн зохион бичлэгтээ “... Ээж минь аялах дуртай. Аав минь хоол хийх дуртай.” гэж бичээд би найзууддаа шоолуулж байх вэ дээ. Том охин бас цэцэрлэгт явдаг байхдаа оройн хоол идэх болсон чинь “Тавтай сайхан хооллоорой. Тогооч аавдаа баярлалаа” гээд дуржигнатал хэлж байсан удаатай. Том охин багаасаа л аавыгаа пицца хийхэд нь дэргэд нь харж зогсоод тусалдаг байсан. Одоо пицца, нарийн боов гээд их л амттай юм хийнэ. Дүүгийнхээ төрсөн өдөрт хийсэн пиццаг нь аав нь “Миний хийдэг пиццанаас ч гоё болсон байна” гэж байсан.

Танай гэр бүлийн эрхэмлэдэг зүйлийг та юу гэж боддог вэ?

Миний хувьд манай гэр бүлийн төдийгүй бүхий л Монгол хүний эрхэмлэх ёстой зүйл гэвэл эх орон байх ёстой. Хүүхдүүдэд багаас нь “Би монгол хүн” гэдэг үзлийг төлөвшүүлэх нь чухал гэж боддог. Аав, ээж хоёр нь ихэнхдээ л завгүй байдаг болохоор бид зундаа заавал хэд хоног хөдөө явж, хүүхдүүддээ хөдөөний амьдралын сайхныг мэдрүүлэхийг хичээдэг. Бас болж өгвөл жилдээ нэг удаа дөрвүүлээ хамтдаа аль нэг улс руу аялж, хүүхдүүддээ гадаад ертөнцийг харуулахыг боддог. Нөхөр маань их нутаг амьтай. Нутгийн зүг хөлгийн жолоо нь байнга залаастай. Хүүхдүүд маань багаасаа л бараг зун бүр аавынхаа нутагт ирдэг. 2018 онд Алтан овооныхоо их тахилгад оролцчихоод машиндаа суугаад дөрвүүлэхнээ Оргихын булаг, Ганга нуур, Шилийн Богдын гайхам сайхныг биширсээр Дарьгангын нүд алдам талаар давхин Өвөр Монголын Зүүн Үзэмчин хошууны Улиастай балгаст очсон нь хүүхдүүдэд маань ихийг бодогдуулсан юм шиг санагдсан. Хөдөө явсан ч, гадаад явсан ч хүүхдүүд маань монгол хүн гэдгээ илүү ихээр мэдэрдэг юм шиг санагддаг.

Ярилцахад нэлээд нээлттэй, бас их мэдрэмжтэй, асуултуудад маань ч их цэгцтэй хариулт өгсөн сайхан яриа боллоо. Тэр болгон яриад байдаггүй гэр бүлийнхээ тухай үнэ цэнтэй мэдээллээсээ чин сэтгэлээсээ хуваалцан ярилцсан танд маш их баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

Баярлалаа, Та бүхний ажилд мөн амжилт хүсье.

Ярилцсан Х.Оюунгэрэл


Сэтгэгдэл

Зочин [154.49.100.106] 2020-05-30 23:34:47

Англид тогоочийн туслах хийжээсэн залуу байна. Монгол явлаа гэснээс сургууль төссөн гэж дуулаагүй юм байна. Үнэн баталгаатай бурна шөө хөгшөөн

Б.Б.Эрдэнэ [66.181.187.95] 2020-05-30 21:30:11

Миний үеэл чинь мундаг боловсролтой эмэгтэй.Та нарынхаа гэр бүлээр бахархаж байна шүү илүү их амжилт

Зочин [202.9.46.212] 2020-05-24 08:46:42

ganibal. gedeg uul n hun iddeg mahchin gesen ug bil uu.

иргэн [64.119.23.180] 2020-05-24 22:03:24

Бямбын Ренчин гуай хүртэл зээ хүүдээ өгч байсан алдарт жанжны нэр бөлгөө.

Эртний Карфагений домогт жанжин [150.129.141.180] 2020-05-24 11:20:37

Эртний Карфагены домогт жанжин Ганнибал Баркагийн нэр л дээ. Ромчууд түүнээс үхтлээ айдаг байсан тул нэрийг нь гуйвуулсан байдаг.

Ца [103.229.122.126] 2020-05-23 11:25:33

Эрдэнэцагаанд 94.95 онд ч бужигнуулаад явж байсийн бна.

Ene hunii nuhur n uih iin gishun ymu [64.119.18.200] 2020-05-23 00:58:26

corono ,odo songuli gd humuusiig hymraaj tarhii n ugaaj bgagiin derged en harin toon dund useg tsohij ywn gdg shig goy l yariltslga bn. Huduu sumiin jiriin l ailiin huuhdud undur bolowsrol ezemshsen gadad dotod ywad uzsen odo ur huhde sain usguj humujuleh zow bodol tolowshuleh chadwartai sain etseg ehuudin tulul mundag eej bn aa

Зочин [64.119.18.200] 2020-05-23 00:10:54

Нүдэнд дулаахан сайхан монгол залуу, сайн боловсон хүчин, боловсролтой гэр бүл харагдаж байна. Ажил амьдралд нь гэр бүлд нь сайн сайхныг хүсье.

Б.Туяа [202.179.21.248] 2020-05-22 19:32:47

Мундаг ах шүү амжилт хүсье.Ихийг хийж бүтээгэрэй

Сугарзагд [202.179.21.248] 2020-05-22 19:30:52

Эрдэм мэдлэгтэй сурсан мэдсэн үзэж харсан зүйл ихтэй хүн амьдрал дээр ч гэр бүлээ сайхан авч явж үр хүүхэддээ зөв өсгөж хүмүүжүүлдэг юм байна

зочин [202.179.21.248] 2020-05-22 19:20:53

Монголын төрд ийм л эрдэм мэдлэгтэй хийсэн ажилтай туршлагатай хүн хэрэгтэй. Ганидаа амжилт хүсье

Гантуяа [202.179.21.248] 2020-05-22 19:18:17

Үлгэр жишээ сайхан гэр бүл байна . Ном унших дадлыг хүүхдүүддээ суулгана гэдэг маш том хөрөнгө оруулалт шүү

uusku [66.181.161.11] 2020-05-22 19:17:34

төрд иим л хүн хэрэгтэй байна.амжилт хүсье дүү улам ихийг хийгээрэй.

Зочин [202.126.88.170] 2020-05-22 19:09:00

Сайхан ярилцлага байна. Өндөр боловсролтой, ёс зүйтэй, ухаалаг, гэр бүлээ эрхэмлэдэг, монголоо гэсэн сэтгэлтэй бүсгүй байна. Сайн сайхныг хүсье.

Tuguldur [203.91.115.45] 2020-05-22 18:04:12

Ahiinhaa ger buld sain saihniig husen erooe. Ajild amjilt husye. Saihan ger bulshuu

Мэднээ мэднэ [202.9.40.163] 2020-05-22 16:30:39

Ийм сайхан гэр бүлтэй байж яагаад дандаа хүүхнүүдтэй буудлаар хонож явдгийн бол доо. Тусдаа амьдардаг гэж сонсож байсан. Сонгууль болохоор л эхнэр нь худлаа дүр эсгэж өмөөрөх юм даа өрөвдмөөр. нагөө Сүндийгийн зодуулдаг эхнэрийн 1 хувилбар.

Зочин [202.9.40.111] 2020-05-22 23:17:41

Hudal yrij bitgii ataarhaad bai

ха ха [64.119.23.180] 2020-05-22 18:59:38

Ёстой дураараа янхан бэ чи! Таних ч үгүй байж зохиож, хаа хамаагүй худал бичдэг халтар вэ!

Tuguldur [203.91.115.45] 2020-05-22 18:09:41

mddeg ym shg yaridag garuud bh yumaa iim 1ataarhsan dooshni hiisen cham shg garuudaas bolj uls oron hugjihgui bgaa yumdaa

Хөлсний бичээчүүдийн царайг харахсан. [202.179.8.158] 2020-05-22 17:02:50

Хахахаха, хуцдаг халтар вэ. Харх царайлаад хачин с..да тролчин юу бичдэг гөлөг вээ. Ахын дүү ээжийнхэн мөөмийг хөхөөд хэвт. Чамд улс орны хэрэгт оролцох ухаан наад усан толглйд чинь лав алга.

Хүүе ямар сайн мэддэгийн, сайхан бурдаг гар вэ [202.179.8.158] 2020-05-22 16:56:51

Чи чинь дандаа дагаж, мөрдөж явсан юм шиг дур мэдэн бурдаг сайхан гаруу гүй юу. Бусдыг өөр шигээ бодож, харлуулах гэсэн төлбөртэй комментийн гар байна шд. Нэг өрвийсөн, үлээхэд уначихмаар, амьдрал үзээгүй нусан таглаа байгаа даа. Та нар шиг мөнгө авч хүнийг харлуулах гэсэн хогийн арилсан дотортой юмнууд ийм хачин, хүний бодоогүй юм бичээд өөрийгөө лаг гэж бодчихсон суугаадаа.

Gantumur [103.212.117.22] 2020-05-22 15:31:45

Ганибал маань төрөө түшээд, түмэн олноо ачлаад явчих чадалтай сайн залуу. Хүүхэд байхаасаа нэг байранд тоглож явсан, сүүлд нь Улсын математикийн олимпиад дээр ч таарч явлаа. Манай хүн шударга, хичээгүй, бусдад тусархуу хүн дээ. Хамгийн гол нь зорьсондоо хүрэх тэсвэр тэвчээртэй залуу гэж би боддог. Сүхбаатар аймгийнхан сайн мэдэх байлгүй дээ. Ганидаа амжилт хүсье.

tuvdendajaa [122.201.21.97] 2020-05-22 14:45:05

ene gani hemeeh zaluugiin eej aav ni minii baga surguuliin bagsh nar bagsh narangerel eej aav nayantai nar suhbaatar aimgiin ongon sumiin bagsh nar edgeer achtai bash nariin garaar olon saihan erdemtei nomtoi terguunii humuus belgegdsen odoo huu ni tur tumniihee tuluu zutgeheer shiidsen ni sain buyantai hereg iim ger buld ussun huuhed zuv hun bolson ergelzeegui harin ardilagsh geh ters uzelten urvagch nuhduudiin baraan suuder dor haltirchi orov duu mini

Зочин [202.21.108.206] 2020-05-22 14:27:01

гани улаанбаатарын их сургууль төгссөн.Я.содбаатар,З.Бат-Эрдэнэ гээд нэг төгсөлтийнх.

СҮА [192.82.71.231] 2020-05-22 14:16:45

Ганибал ах яг л ийм энгийн сайхан хүн бдаг шүү. Эр хүнд бх бүх сайхан чанар түүнд бдаг. Сүхбаатарчууд дэмжинээ

Зочин [202.9.40.83] 2020-05-22 13:43:13

ЭНЭ ГАНИ ГЭДЭГ ХҮН ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ УЛСЫН ИХ ХУРАЛД БИШ, НОМЫН САНД СУУХ НЬ ЗҮГЭЭР ЮМ БАЙНА. НОМ ИХ УНШИХ ДУРТАЙ БОЛ ТЭРИЙГЭЭ Л ХИЙСЭН НЬ ДЭЭР...

Zochin [202.179.8.158] 2020-05-22 16:46:05

Ном уншсан, ажил хийсэн хүн чинь туршлагаа бүр илүү зүйлд ашиглах ёстой биздээ.

ОЮУ [202.179.8.158] 2020-05-22 13:39:55

Өрх гэрийн хөгжлөөс Улс орны хөгжил гэдэг...Гэр бүлийн үнэ цэнийг ойлгодог, хайрлаж, хүндэлдэг хүмүүс олон байгаасай

Мэндээ [202.179.25.82] 2020-05-22 13:17:46

Танай гэр бүлд эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

зочин [103.242.47.70] 2020-05-22 12:17:08

өчигдөр орой ярилцлага үзлээ хэлэх гэсэн зүйлээ товч тодорхой хэлж ярианыхаа чадварыг сайжруулах хэрэгтэй нөхөр байна лээ шүү

Харин ч ойлгомжтой [64.119.17.98] 2020-05-22 17:17:57

Харин ч ойлгомжтой, маш сайн ярьж байсан даа. Та дэвшүүлж буй асуудлынх нь тухай сайн мэдэхгүй болоод тэгж санагдсан байх шүү. Олон ярилцлагыг нь мэднээ. Мэргэжлийн үүднээс маш логиктой ярьж, сайн гаргалгаа гаргадаг.

Зүгээр дээ. Бүх зүйлийг л суралцана шүү дээ [202.179.8.158] 2020-05-22 17:05:20

Гончигдорж гуай манай математикийнхан урт өгүүлбэрээр ярьдаг гээд байдаг биздээ.


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.