Р.Гончигдорж: Үндсэн хуулийн хямрал улам гүнзгийрч, эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт алдагдаж байна

Aдмин / Хууль

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг ҮХЦ хүлээн авч, Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээ хүчингүй болгон, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон нь зарим гишүүдийн хэлж байгаагаар Үндсэн хуулийн хямрал руу маш хурдтай алхаж байна гэх дүгнэлтэд хүрээд байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Үндсэн хуулийн шинэ хямрал аль хэдийнэ бий болчихсон. Үүний суурь нь 2019 онд баталж, 2020 оны тавдугаар сард дагаж мөрдсөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүнд шилжих журмын тухай хуулиар тавигдсан. 2020 оны зургадугаар сарын 4-нд миний бие ҮХЦ-д “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6 дугаар зүйлд уг нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын ээлжит сонгуулиас сар хүрэхгүйн өмнө 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан нь Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн гурав дах заалт” “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэснийг зөрчиж байгаа тул хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргасныг ҮХЦ маргаан хянан хэлэлцэх ажиллагаа үүсгэлгүй эс үйлдлээрээ халхлан өнгөрөөсөн.

Уг мэдээлэлдээ, цаг хугацаа өнгөрөх тусам Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хадгалагдаж, гүнзгийрэх байдалтай байгаад иргэний хувьд зовниж байна. Тиймээс ҮХЦ миний гаргасан мэдээллийн асуудлыг шуурхай шийдвэрлэн, Үндсэн хуулиа хамгаалж одоо болон цаашид гарах Үндсэн хуулийн зөрчлийг урьдчилан арилгаж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна гэж би тэмдэглэж байсан юм. Энэ боломжийг бид алдсан. Төрийн үйл ажиллагаанд бий болсон асуудал, зөрчлийг Үндсэн хууль, бусад суурь засаглалын хуулиар ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдөхөөр шийдвэрлэх боломжгүй болох нь Үндсэн хуулийн хямралыг бий болгодог.

-Энэ хямралын суурь хэрхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тавигдсан гэж үзэж байгаагаа та дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулийн сүүлийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхойгүй байдалтай, үнэндээ тодорхой болгох зөвшилцөлд хүрээгүй заалтууд, зүйл хоорондын зохицуулалтыг хольж ойлгомжгүй, салаа утгатай болгосон томьёололуудаас болсон. Хоёрдугаарт, Үндсэн хуульд дотоод зөрчлийг бий болгосон. Гуравдугаарт, дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль нь дээр дурдсан байдлуудыг тодотгон зохицуулж хэрэглэх талаар журамлаагүй. Үндсэн хуулийн суурь зарчим нь “Үндсэн хуультай харшилсан хууль, хуулийн заалтыг дагаж мөрдөхгүй, хууль Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байх”-ыг зөрчсөн. Тухайлбал, шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч биш таван гишүүнийг хэн томилохыг заагаагүй орхисон, шүүхийн сахилгын хорооны тухайд бүр тодорхойгүй. Сүүлд ямар хуулиар яаж зохицуулах талаар зөвшилцөл (ялангуяа Ерөнхийлөгчтэй) байгаагүй бололтой. Энэ нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүхийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн маргаан шийдүүлэхээр ҮХЦ-д хүсэлт гаргаснаас харагдаж байна (эсвэл, магадгүй тэр үед тохирч байснаасаа УИХ буцсан байж магадгүй). УХЦ дунд суудлын хуралдаанаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтийг хүлээн зөвшөөрч Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан ба Үндсэн хуулийн дагуу их суудлаараа уг асуудлыг шинээр авч хэлэлцэн шийдээ гаргах ёстой. Гэтэл шинэ Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй жишиг гаргаж, өмнөх Ерөнхийлөгчийн ҮХЦ-д гаргасан хүсэлтийг татаж авах тухай ҮХЦ-д хүсэлт тавилаа.

Тэгмэгц ҮХЦ их суудлаараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч, дунд суудлын шийдвэрээ УИХ-ын тогтоолын хамт хүчингүй болгон ҮХЦ өөрөө Үндсэн хуулиа зөрчин байж шийдвэр гаргачихлаа. Энэ бол Үндсэн хуулийн хямрал. Бас нэг хямрал нь Ерөнхийлөгч ҮХЦ хоёрын шинэ жишиг. Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгчдийн хуульд тавьж УИХ хүлээн авч хуульдаа өөрчлөлт оруулсан хоригийг татаж авлаа гэж УИХ-д бичиг хүргүүлэхэд хориг хүчингүй болж, улмаар хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болох нь ээ дээ. Дараа дараагийн Ерөнхийлөгчид ингээд байвал яах вэ. 2027 онд шинэ Ерөнхийлөгч гарч ирээд дээр дурдсан “хүсэлтийг хүчингүй болгох” тухай хүсэлтийг нь хүчингүй болгуулах хүсэлт ҮХЦ тавибал эргээд л ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт дахин сэргэх нь ээ. Энэ хямрал биш гэж үү.

-Одоо тэгвэл яах нь зөв юм бэ?

-Би ҮХЦ-д Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тавьсан хүсэлтийг иргэний мэдээлэл болгож сэргээж тавина. Нэгэнт хүсэлт цуцлагдсан тул ҮХЦ-ээс “Өмнө нь ҮХЦ-ээр хэлэлцэгдсэн асуудал” гэж буцаахгүй, нэгэнт маргаан хянан хэлэлцсэн учраас миний мэдээллийг “хянан хэлэлцэх маргаан биш байна” гэж буцаахгүй хэлэлцэж л таарна. Би УИХ нь шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны гишүүдийн томилгоог хийж байгааг Үндсэн хууль, тухайлбал ҮХЦ-ийн 25 дугаар зүйлийн 1-ийн 6 дах хэсэгт “УИХ-д шууд ажлаа хариуцан тайлагнадаг... байгууллагын бүрэлдэхүүнийг томилох...”гэсэн Үндсэн хуулийн зарчмыг зөрчинө гэж үздэг. ҮХЦ-ийн гишүүдийг хууль тогтоох, гүйцэтгэх (Ерөнхийлөгчөөр төлөөлүүлж), шүүх эрх мэдлээс нэр дэвшүүлснийг УИХ-аас томилох Үндсэн хуулийн үүрэг энд хамаарахгүй. Дээрх хоёр байгууллага УИХ-д ажлаа шууд хариуцаж тайлагнахгүй, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй. Зөвхөн хуульд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах хараат бус байгууллагууд. Харин энэ хоёр байгууллагын бүрэлдэхүүнийг томилоход Ерөнхийлөгчийн оролцоо байх ёстой. Яагаад гэвэл шүүхийн бүрэлдэхүүнийг (дээд шүүхийн дарга, гишүүд, бусад шүүгчдийг) Үндсэн хуулиар Ерөнхийлөгч томилдог нь Ерөнхийлөгч бол шүүгчдийн хараат бус байхын баталгаа гэж үзсэн Үндсэн хуулийн үзэл санаа юм. Ерөнхийлөгч шүүгчдийг өөрөөсөө хараат болгодог гэснээр оролцоог нь “зугтаалгаж” болохгүй. Харин Ерөнхийлөгч өөрөөсөө хамааралтай болгож байгаа үйлдэл, эс үйлдэл гаргасан л бол Үндсэн хууль зөрчсөн гэснээр огцрох ёстой. УИХ огцруулах үүрэгтэй юм шүү. Хуульд захирагдахгүй байгааг нь “янзлах” гээд хуулиа оролдох биш, захирагдахгүй байгаа үйлдэлд нь хариуцлага тохож чаддаг байх нь эрх зүйт төрийн зарчим.

Ерөнхийлөгч дээрх хоёр байгууллагын томилгоонд оролцох тухай ярихаар л, тухайлбал О.Мөнхсайхан хуульчаас эхлээд л Үндсэн хуулийн 33.4-өөр болохгүй гээд л эсэргүүцнэ. Энд л миний дээр хэлсэн Үндсэн хуулийн дотоод зөрчлийн асуудал гарч ирнэ. Үндсэн хуульд УИХ-ын онцгой бүрэн эрхээс бусад бүрэн эрхийг хуулиар тогтооно (Үндсэн хуулийн 25.4 ). Засгийн газрын үндсэн бүрэн эрхээс бусад тодорхой бүрэн эрхийг хуулиар тогтооно (Үндсэн хуулийн 38.3). Дээд шүүх хуулиар олгогдсон бусад асуудлыг шийдвэрлэх (Үндсэн хуулийн 50.1.5). Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно (нэмэлт, өөрчлөлт ороогүй байсан Үндсэн хуулийн 33.4) гэж байснаас зөвхөн “Ерөнхийлөгчид хамаатай Үндсэн хуулийн 33.4-ийг өөрчлөн, Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд (33 дугаар зүйл, Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх) заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчлөлт оруулсан юм. Гэтэл Үндсэн хуульд өөрт нь 33-ын хүрээнд байхгүй тодорхой бүрэн эрхүүд Ерөнхийлөгчид өгөгдсөн байдаг. Шүүхийн бүрэлдэхүүнийг томилох 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий прокурор, түүнийг орлогч нарыг томилох 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ҮХЦ-ийн гурван гишүүний санал болгох 65 дугаар зүйлийн 1 дэхь хэсэг, гэх мэт.

-33 дугаар зүйлийн хүрээнээс гадуур олгогдсон Ерөнхийлөгчийн эдгээр Үндсэн хуулийн тодорхой бүрэн эрхийг яах вэ. 33.4-тэйгөө зөрчилдөөд байдаг. Яаж эдгээр Үндсэн хуулийн үүргээ хэрэгжүүлэх вэ?

-Уг нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд болон Үндсэн хуулийн бусад зүйлд заасан тодорхой бүрэн эрхийн хүрээнд хуулиар олгож болно” гэж томьёолох ёстой байсан. Тэгсэн бол Үндсэн хуулийн дотоод зөрчлөөс үүссэн Үндсэн хуулийн хямрал болохгүй байсан. “Бүрэн эрх” гэдгийг “эрх мэдэл” гэдгээс салган ойлгож, “үүрэг, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх”, ийм үүрэг, эрхийн хослол гэж ойлгож чадахгүй байна гэж үү. Үндсэн хууль дах энэ зөрчил шүүхийн хууль, Цэц Ерөнхийлөгчдийн хоорондын харилцаанд бий болсон нь Үндсэн хуулийн хямралыг бий болгоод байна. “Ерөнхийлөгч шүүхийн томилгооны эрхээсээ татгалзаж байна” гэх популист яриа үүнээс үүдэлтэй биш биз. Томилгоо хийх нь эрх биш шүү. Ерөнхийлөгчийг шүүхийн хараат бус байдлыг ханга гэж Үндсэн хуулиар өгсөн үүрэг. Төрийн албан хаагч үүргээсээ татгалзвал албанаасаа халагдана биз дээ. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А.Бямбажаргалын хэвлэлд “Шүүх дэх эрх зүйн шинэтгэл гацаанаас гарлаа, Ерөнхийлөгч манлайллаа, энэ санал манлайлал цаашид шүүх эрх мэдлийн зорилт байх учиртай” гээд л ярьж байна. Арай л энэ зөвлөх нь “Ерөнхийлөгчийг маань ийм бантанд хутгаад” юм үзээгүй хөөрхий муу Дэмбэрэл их л хөөрч байна лээ гэдэг шиг юм болж байгаа юм биш байгаа даа.

-Одоо тэгэхээр Үндсэн хуулийн хямралаас гарах ямар гарц байна вэ?

-УИХ дотор Цэцийн их суудлын хуралдааны шийдвэрт эрх зүйн шинжилгээ хийлгэх яриа гарч байх шиг байна. Арай томоор харахад энэ хямралд хүргэж байгаа Үндсэн хуулийн уг суурийг шинжлэх хэрэгтэй байх. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараахь Үндсэн хуулийн хямрал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай, Цэц дээрх маргаануудтай холбогдоод гарсан юм. Даанч түүнийг эрх мэдлийнхээ давамгай байдлыг УИХ ашиглаад л ҮХЦ-тэй хамтраад дарчихсан. Ер нь ийм хямралыг Үндсэн хуулийн эрх зүйгээр зөв шийдээд давбал Үндсэн хуулийн ардчилал бэхжинэ. Харин эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дарвал Үндсэн хуулийн ардчилал хумигдана. Дээр хэлсэн хямрал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийгдсэн. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн салаа утгатай заалтааас болсон. Уг нь өмнө нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тодорхойлсон 30.2-д “дөрвөн жилийн хугацаатай сонгоно”, Ерөнхийлөгчийн сонгуулийн харилцаатай холбоотой 31.7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэсэн хоёр өөр зүйлд хоёр өөр харилцааг зохицуулж байсныг нэг дор ямар ч таслалын тэмдэггүй залгаж өөрчлөн найруулсан юм.

Ерөнхийлөгчтэй зөвшилцөн ойлголцож хийсэн нь ойлгомжтой бөгөөд цаанаа “залилан” хийсэн нь ил болсон л доо. Тэр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад тэр үедээ дахин нэр дэвших боломжтой, зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид л “зөвхөн нэг удаа” гэдэг нь хамаарна гэж ойлгуулсан бололтой. Тэр нь Үндсэн хуулийн Цэц дээрх маргаанаар батлагдсан. Бас хавсралт хуульд ямар ч тодотгосон заалт энэ тухай ороогүй. Тийм ч учраас би ҮХЦ-д 2021 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын Үндсэн хууль зөрчсөн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 30.2-д Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгосон, хавсралтын хуулиар одоогийн Ерөнхийлөгчид хамаарахгүй талаар заалт ороогүй гэж үндэслэсэн юм. Даанч ҮХЦ эрхээрээ түрий барьж маргаан үүсгэхээс татгалзсан. Харин одоогийн Ерөнхийлөгч дэвшиж болохгүйг их шуурхай шийдсэн. Хэрэв ийм эрх мэдлийн залилан хийх гээгүй л юм бол 30.2-тоо “дөрвөн жилийн” гэдгийг “зургаан жилийн” гэж өөрчлөөд, 31.7-г “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж өөрчлөөд хавсралт хуульдаа 30.2 дахь хэсэгт “зургаан жилийн” гэснийг одоогийн Ерөнхийлөгчид хамааруулахгүй гээд л хийчих ёстой. Гэвч тэр үед ингэж хийж, Ерөнхийлөгчийг зөвшөөрүүлж чадахгүй байсан болохоороо Үндсэн хуулиа “үгийн тоглоом” болгож ашиглаж хямралд хөтөлсөн.

-Ер нь өмнө нь ийм Үндсэн хуулийн хямрал гарч байсан уу. Гарч байсан бол яаж давж гарч байсан бэ?

-Гарч байсан. 1996 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвсэл 50 суудал авч олонх болоод Засгийн газраа байгуулах гэж байтал ҮХЦ-д нэг иргэн “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь Үндсэн хууль зөрчинө” гэсэн маргаан үүсгэж ҮХЦ тун шуурхай тийм гэсэн шийдвэр гаргасан. Өмнөх анхны Их хурлын үед 1992-1996 онд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Нэг жилийн дараа ҮХЦ-ээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох шийдвэр гаргаж шинэ Засгийн газар байгуулсан. Эндээс 1996-2000 онд Засгийн газар тогтворгүй байх улс төрийн нөхцөл үүссэн байдаг. Дээрээс нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ардчилсан холбоо эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг зөвшөөрөхгүй долоон удаа буцааж, Үндсэн хуулиар өөрт нь ийм эрх бий гэж үзэж байсан. Энэ нь Үндсэн хуулийн хямралын шинжтэй байдалд хүрсэн. Үндсэн хуулиар 51-ээс доошгүй гишүүнтэйгээр чуулган хуралдах ёстой, гэтэл эвсэл 50 суудалтай тул тэр үеийн МАХН чуулганыг бойкотлох замаар УИХ ажиллах боломжийг бэрхшээлд оруулж байсан нь Үндсэн хуулийн хямрал байсан юм. Тийм ч учраас МАХН-тай зөвшилцөн 1999, (2000) онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан дээрх Үндсэн хуулийн хямрал гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байсан. Үндсэн хуулийн Цэцийн өөрчлөгдсөн байр сууринаас болж Үндсэн хуулийн хямрал гарсан дохиолдол бас бий. 2012 оны УИХ-ын сонгуулийн хууль холимог хэлбэрээр батлагдахад Цэцэд маргаан үүссэн бөгөөд Цэц холимог хэлбэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй харин “гулсаж” сонгогдох заалтыг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байсан юм. (Би одоо ч тэр аргыг Үндсэн хууль зөрчсөн гэж боддоггүй) Ингээд 2012 онд хүчтэй цөөнхтэй УИХ-д сонгогдож байсан юм. 2016 онд уг сонгуулийн хуулиараа сонгууль явуулахад сонгуулийн бэлтгэл ажил жигдэрч байх үед “захиалагаар” холимог хэлбэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан үүсгэгдэж Үндсэн хуулийн Цэц “шуурхай” “тийм” гэж шийдэж, УИХ нь ч “тийм байна” гэж дуулгавартай зөвшөөрснөөр сонгууль болохоос өмнөхөн сонгуулийн хуулиа нэг мандаттай 76 тойргоор хийхээр өөрчилсөн. Үр дүнд нь бараг цөөнхгүй УИХ хоёр дахь удаагаа (2016, 2020) бүрэлдээд явж байна. Хямралыг хүчээр дарахад ардчилал бас хямардагийн жишээ энэ.

-Үндсэн хуулийг чамдлан сахиулах баталгаа гэж ҮХЦ-ийг Үндсэн хуульд тодорхойлсон байдаг. Гэтэл бидний ярианаас харахад Үндсэн хуулийн Цэц нь хэд хэдэн Үндсэн хуулийн хямралыг бий болгоод байгаа юм биш үү. Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын үеэр саяны таны ярьсан сонгуулийн хуультай холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг жишээ болгоод “Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хянаж хэлэлцэж, шийдвэр гаргаагүй нөхцөлд тухайн шийдвэрийг хууль ёсны шинж чанар алдагдаж болзошгүй” гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан тухайгаа ярьсан л даа?

-Тийм байсан. Би чинь “Өдрийн сонин”-ы байнгын захиалагч, уншигч шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэ хуульчтай энэ талаар санал нэг байгаа. Бодит байдалд Үндсэн хуулийн Цэц биш, УИХ Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэгч нь болчихдог тохиолдлыг онцгойлсон байсан энэ нь Үндсэн хуулийн Цэцийн Үндсэн хуулийн үүрэгтэй зөрчилдөж байгаа юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ зөвшөөрсөн тохиолдолд УИХ-ын аль нэг гишүүн эсэргүүцсэн гомдол гаргавал Үндсэн хуулийн Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж эцсийн шийдвэр гаргадаг, мэдээлэл өргөдөл гаргасан иргэн Цэцийн дунд суудлын хуралдааны “зөрчөөгүй” гэсэн дүгнэлтийг үл зөвшөөрч гомдол гаргадаг, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хянан хэлэлцдэг зохицуулалтыг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай” хуульд оруулахад хуульчийн тавиад байгаа, зөрчилтэй гэж үзээд байгаа асуудал шийдэгдэж, Үндсэн хуультайгаа бүрнээ нийцэх юм. УИХ-д дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа сураг сонссон.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

irgen [122.201.22.24] 2021-10-07 18:02:58

ta dyygui l zunuhuu bod do,ard tumnii tuluu yu ch hiigeegui gulug

Иргэн [124.158.67.189] 2021-10-07 16:27:44

Лам, хар нь ялгагдахгүй.

Зочин [202.126.89.42] 2021-10-06 23:26:55

Гончигдоржын зев

zochin [202.9.46.149] 2021-10-06 22:57:17

Bitgii hutsaa, zail dald or Gonchig oo

Зочин [66.181.161.14] 2021-10-06 20:53:01

Нэр хугархаар яс хугар ...

Зочин [66.181.161.14] 2021-10-06 20:51:20

Хуулийн философ битгий хэл хуулийн наад захын зүйлийн логикийг ойлгох хүн ховордсон цаг . Дээрээс нь ойлгох ч " сонирхолгүй " болгогсодын нэг нь Гончигдорж мөн л дөө . Уг нь Гончигдоржийн зөв л дөө . Одоо яана гэхэв , Гончигдорж нарын " хаясан чулуу " өөрсдийнх нь биш монголын ард түмний толгой дээр л унаж байгаа нь энэ .

Иргэн [192.82.74.176] 2021-10-06 19:18:10

Жов чи. Хаанаас гараад ирэв энэ төрийн хутгуур.

Зочин [202.21.127.238] 2021-10-06 16:50:04

2006 онд байсан Ардчилсан намын дарга бөгөөд МАХН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга Гончигдорж мөн үү. 2004 онд Эх орон-Ардчилал эвсэл ялахад эвслээ нулимаад 62-ын БҮДҮҮН БҮЛЭГ байгуулаад хорлодог Хорломоо доо.

зочин [119.40.98.18] 2021-10-06 16:09:57

Жонгээхуу монголыг алсан...

Зочин [203.91.115.45] 2021-10-06 14:35:38

Жонхуу л жонхууруулсан даа энэ улсыг тоглоомын улс болох нь байна

зочинсхд ан гишүүн Батхуяг 36 настай [66.181.160.23] 2021-10-06 14:26:50

Энэ нэг хор найруулагч нэг асуудал гарахаа яс хаясан юм яриад эхэлдэг.Одоо Гончигдорж минь та нарын үлгэрт итгэж та нөхдийг дэмжиж амаа цангатал ярьж явлаа.Та нар ардчилалын нэр хүндийг унагсан нэгтнүүд шүү.Зүгээр л ашигласан.Та нарын хэлэхээр захын хүн хулгайч нар гэж өмнөөс ярьж бна.Манай намаас явсан дээр.

зочин [202.179.25.131] 2021-10-06 13:47:06

Энэ хөгийн амьтан чимээгүй байсан ямар хор хутгах гээд хаанаас гараад ирэв Муу хятад аалз энэ төрийн ажилд бүү оролц аалзаа

Зочин [202.9.40.109] 2021-10-06 12:04:34

Энэ угаасаа дампуурсан жонхуунууд ш дээ. ман ын гар хөл болж өөрсдөө ҮХ иа зөрчдөг 9 өвөө эмээнүүд байгаам чёрт

Зочин [202.126.88.199] 2021-10-06 11:50:55

Чиний зуурсан жонхуу шдээ

Зочин [202.126.90.128] 2021-10-06 11:37:59

Зөв

Зочин [192.82.73.84] 2021-10-06 11:23:05

Энэ хүнийг хамар луугаа хамрын тамхи чихэж байхыг л зурагтаар олон удаа харснаа санаж бна, өөр олигтой юм санаанд алга

Иргэн [192.82.77.207] 2021-10-06 11:19:50

Чиний хууль мэдэх гэж юу байдаг юм. Сонгууль болгоны өмнө энэ хорчин баахан донгосох юм үүний үгийг сонсдог тоодог хүн байхгй дээ.

иргэн [202.179.27.71] 2021-10-06 11:09:34

Маш зөв.

Зочин [49.0.158.86] 2021-10-06 10:58:24

Чи дут.

Зочин [203.91.115.53] 2021-10-06 10:47:17

шаа гонио минь зайл2

Зочин [203.91.115.47] 2021-10-06 10:29:32

Баттулга-н үеэс л үндсэн хууль, үндэсний аюулгүй байдалын зөвлөл гэж дампууралсан даа

Зочин [59.153.115.249] 2021-10-06 10:16:18

Үндсэн хуулийн цэц утгаа алдсан шүү дээ.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.