Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар: Олимпийн аварга Ооно Шоохэйг цаг сунгасан барилдаанд ялах тактик боловсруулж гарсан ч санаснаар болсонгүй

Aдмин / Спорт

“Токио 2020” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн сэтгэл зүй амар биш байлаа. Олимпийн дэвжээнд тамирчдаа харж сэтгэл зүйн дархлаагаа ч тогтоох шиг боллоо. Токиогийн олимпийн татамид барилдсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Цаг үеийн хүнд нөхцөлд тамирчдын эрх ашгийг өмнөө тавьж олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсанд ОУОХ-нд хувийн зүгээс баярлаж байна. Тамирчны ид үе богинохон. Олимпийн наадмыг цуцална гэдэг тамирчдад асар хор хохиролтой. Токиогийн олимп зохион байгуулагдах сураг сонсоод л зарим тохиолдолд гэрийн нөхцөлд бэлтгэл сургуулилтаа базаалаа. Үр дүн ч гарч хүрэл медаль хүртлээ. Бөхөд сэтгэлтэй монгол түмнээ баясгалаа. Сэтгэгдэл өндөр байна. Уг нь Олимпийн аварга болох зорилготой Токиогийн татамид гарсан юм. Орон орны шилдгүүдтэй өрсөлдлөө. Санаснаар болж өгсөнгүй, хүрэл медаль хүртлээ.

-Олимпийн татамид хийсэн барилдаануудын талаар сэтгэгдлийг тань хуваалцмаар байна.

-Сугалаагаа анзаарахад Косовагийн Гежаковатай шөвгийн наймд барилдах зураглал харагдаж байсан. Кососвагийн бөхчүүд энэ удаагийн олимпод үнэхээр сайн бэлтгэлтэй оролцсон. Токиогоос олимпийн аваргатай болсон шүү дээ. Гежакова ч олимпийн наадамд сайн бэлтгэсэн байна лээ. Хүнд барилдаан хийж нэмэлт цагт ялалт байгуулсан. Ерөнхийдөө төлөвлөж байснаараа л барилдаж үүрч үнэлгээ авсан. Ингээд л шөвгийн дөрөвт шалгарсан.

-Олимп, дэлхийн аварга Ооно Шоохэй, Цогтбаатар нарын барилдаан олон хүний анхаарлын төвд өрнөсөн. Та ямар барилдаан төлөвлөж гарав. Санасан хэмжээндээ барилдаж чадав уу?

-Олимпийн аваргатай нутгийн дэвжээнд нь өрсөлдөөд ялагдал хүлээлээ. Цаг сунгасан барилдаанд ялна гэж төлөвлөсөн ч санаснаар болсонгүй. Боловсруулсан тактиктаа баригдсан ч юмуу, үндсэн цагт явж үнэлгээ салгаж чадсангүй. Үнэлгээ алдаж ялагдлаа. Цаашид олон удаа таарч барилдана. Алдаагаа давтахгүйг хичээнэ ээ.

-Оонотой өмнө нь бэлтгэл дээр ч юмуу гар зөрүүлж байв уу. Анх удаа учраа таарсан нь олимпийн татами байв уу?

-2018 онд Токиод болсон хамтарсан бэлтгэл дээр барилдаж үзсэн юм. Дөнгөж л жин өгсөж 73 кг-д ороод удаагүй байсан үе л дээ. Гар зөрүүлж үзээд “Ер нь боломжийн юм байна. Нэг их илүүрхүүлээд байх юм алга” гэсэн бодолтой үлдсэн. Токиогийн олимпод очихдоо Оонотой хэрхэн барилдахаа судалж, төлөвлөсөн байсан. Магадгүй жаахан мэх цөөхөн хийж барилдсан тал бий. Энэ формоо хадгалж, өөрийгөө сайн бэлдэж чадвал Ооно аваргыг ялах боломжтой.

-Үндсэн цагийн төгсгөлд хэвтэн цохио хийгээд мөрөөр нь унагасан шүү дээ. Шүүгч барилдаан зогсоох дохионы дараа мэх хийсэн гэж үзэж таны вазари үнэлгээг цуцалсан. Шүүгчийн заалт планд орж ирээгүй. Дэвжээний шүүгч мате дохио өгсөн юм уу?

-Би барилдаандаа бүрэн төвлөрчихсөн байсан юм. Миний мэх, шүүгчийн дохио зэрэг л байсан юм болов уу даа. Мөрөөр нь унагачихаад босоод иртэл шүүгч мате заасан. Шийдсэн мэхээ хийсэн минь л тэр. Бага зэрэг харамсалтай л санагдсан. Цаашид алдаагаа давтахгүй.

-Хүрэл медалийн төлөө Канадын бөхтэй барилдсан. Ялагдлаа мартчихаад л гарч ирэх шиг болсон.

-Ялагдалдаа шаналаад тийлтрээд байвал барилдаандаа төвлөрч чадахгүй шүү дээ. Үүнийг ч багш дасгалжуулагч нар, арын албаныхан маань маш сайн мэдэж байсан. Ялагдаад бууж ирэхэд хурдан мартаад медалийн төлөөх барилдаандаа төвлөрөхийг анхааруулж байлаа. Олимпийн наадамд өөрийгөө сэтгэл зүйн хувьд ч бүрэн бэлтгэсэн учраас өмнөх барилдаандаа л бүрэн төвлөрсөн. Медалийн төлөө барилдаан шүү гэх дарамт надад байгаагүй. Боловсруулсан тактикаараа ажиллаж барилдаад л ялсан. Их баярласан шүү. Татамигаас буухдаа тэнгэрт байгаа аавыгаа их үгүйллээ. Аав минь 2020 оны олимпийг их хүлээсэн ч хойшлоод үзэж чадалгүй бурхны орныг зорьсон юм. Намайг медаль хүртчих болов уу гэж хүлээж байгаа нь харцнаас нь л ойлгогдож байлаа. Олимпийн наадмаас медаль зүүхийг минь тэнгэрийн орноос харсан байх аа. Аавыгаа алдсаны дараа юм бүхэн л утгагүй санагдаж байсан. Жүдогоос ч хэсэг хугацаанд хөндийрсөн. Тэр үед шинэ хүнээ хүлээж авах баярт мэдээг сонсоод л цүнхээ үүрээд бэлтгэлдээ гарсан даа. Хүүхдэдээ зориулж олимпийн медаль заавал авна гэж амласан минь биеллээ оллоо.

-Токио руу явахдаа гэр бүлийнхэндээ амлалт өгөөд явсан гэж дуулсан. Юу амлав?

-“Аав нь чадна аа” гэж хэлсэн. Өмнөө таарсан бүх өрсөлдөгч нараа ялна гээд л Токиогийн онгоцонд суусан даа. Амласандаа ч хүрлээ. Хүү минь хожим “Миний аав олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчин хүн” гэж бахархаж явна гэхээр л омогших сэтгэл төрөх юм. Хүүгийнхээ төлөө илүү их хичээж хөдөлмөрлөнө өө. Өөрт ямар нөөц бололцоо байна, тэр бүгдийг дайчилна.

-Та хоёр дахь олимпдоо зодоглож хүрэл медаль хүртлээ. Токиогийн татами дахь бусад барилдаанууд тань ямар болов?

-Ц.Шийрэв багш минь надад нэг зүйлийг үргэлж захидаг юм. “Эхний хоёр барилдаанаа л зөв хийж шөвгийн наймд үлдчих юм бол цаашаа сайн барилдаж чадна” гэж хэлдэг. Сая олимпоор барилдаан бүртээ л алдаа гаргахгүйг хичээж байлаа. Надтай хэсгийн аваргын төлөө барилдсан Косовогийн бөх Акил Гежаковатай хийсэн барилдаан хүнд болсон. Өмнө нь гурав таарахдаа хоёр ялж, нэг хожигдоод байсан юм. Атгалт сайтай, бяртай тамирчин л даа. Энэ удаа таарахдаа санаачилгыг авч, нэмэлт цагт өөрийн дархан мэхээ даалгаж яллаа. Өмнө нь жаахан бярдуулах гээд байсан юм. Энэ удаа бэлтгэл таарсан учраас нэг их бярдуулсангүй.

-Цогтбаатар багийн барилдаанд олимп, дэлхийн аваргуудыг илүүрхэж ялсан шүү дээ. Багийн барилдаан ямар болов?

-Олимпийн багийн барилдаанд БНСУ, ОХУ, Германы бөхчүүдийг ялсан. Гурав ялаад 30 мянган ам.доллараар шагнуулсан. Монголын багийн хувьд Өмнөд Солонгосыг ялж үзээгүй юм билээ. Токиод анх удаа манайхан 4:2-оор хожиход Дэлхийн аварга Ан Чан Римийг ялж, багтаа хувь нэмрээ оруулсан. Түүнтэй өмнө нь дөрвөн удаа таарч, гурав ялагдаж байлаа. Хамгийн сүүлд 2019 оны Азийн аваргаар алтан медалийн төлөө үлдээд хожиж байлаа. Сая дахин таарахад мэдээж олимпоос медаль авчихсан байсан болохоор сэтгэл зүй сайтай, өөртөө итгэлтэй барилдсан. Өмнө нь Ан Чан Римд барьц алдаж, торгуулиар хожигдчихоод байдаг байсан. Сая харин яг тэр аргаар нь өөрийг нь хожлоо. Дараа нь Оросын бөх олимпийн аварга Муса Могушковыг вазари үнэлгээгээр, хамгийн сүүлд Германы Игор Вандткег цаг сунгаад хөмрөөд ялсан. Германы бөх багийн барилдаанд Ооно Шоохэй аваргыг ялсан шүү дээ. 73 кг-ын шилдэг бөхчүүдийн нэг.

-Цар тахлын улмаас олимпийн эрхийн тэмцээнүүд цуцлагдсан. Олимпийн оноогоо хэрхэн цуглуулав?

-Миний хувьд 2019 оны хавар өвдөгний бэртэл аваад хэсэг хугацаанд тэмцээнд оролцоогүй. Харин 2020 оны улсын аваргад түрүүлээд Парисын Их дуулгаас мөнгө, түүнээс долоо хоногийн дараа Дюссельдорфоос хүрэл медаль авсан. Тухайн үед оролцсон тэмцээн бүртээ медаль аваад жиндээ оноогоороо эхний арван хэдэд ороод ирсэн. Гэтэл хил хаагаад, хатуу хөл хорионы улмаас тэмцээн уралдаанд явж чадахаа больсон. Харин Европт тэмцээнүүд зохиогдоод, тамирчид оноо аваад байдаг. Тэгээд өндөр түвшний формоо алдахгүйн тулд гэртээ бэлтгэлээ хийж байлаа. Харин 2021 он гарсаар хилийн чандад гурван тэмцээнд оролцсон. Дохагийн “Мастерс”-т тааруухан барилдсаныхаа дараагаар хоёр ч Гранд слам-д түрүүлсэн. Нэг Их дуулгын түрүү нь чансааны 1000 оноо авч байгаа юм. Ингээд чансаагаараа 14-т бичигдэх болж, ерөнхийдөө олимпийн эрхийг авсан гэхэд болно.

-Олимпоос сарын өмнө насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан. Таны тухайд Унгарын бөх Миклош Унгварид ялагдсан. Ахмад тамирчинд ялагдлаа гэх шүүмжлэл гарч байсан...

-ДАШТ-д орон орны шилдгүүд цугладаг. Өндөр түвшинд бэлтгэгдсэн тамирчид шүү дээ, санаснаар болохгүй үе бий. Миний тухайд Унгварид ялагдаад тэмцээнээ өндөрлүүлсэн. Санасандаа хүртэл барилдаж чадаагүйдээ сэтгэл дундуур л нутагтаа ирж байсан. Илүү хичээх хэрэгтэйгээ ойлгосон. Унгваригийн тухайд Дакар раллид уралдаж байдаг чанга эр л дээ. Бяртай, хэцүү өрсөлдөгч.

-2016 оны олимпод 20 настай Цогтбаатар хоёр гавьяатын үнэ цэнээр явсан. Харамсалтай нь ганзага хоосон ирсэн. Таныг газар ортол л шүүмжилж байсан цаг саяхан санагдаж байна. Танд амар байгаагүй болов уу?

-Гол буруутан нь би өөрөө л дөө. Итгэлийг нь дааж чадаагүйдээ сэтгэлээр нэлээн унасан. 2016 оны олимпийн өмнө би жин их хассан. 71 кг-аас 60 хүртэл хассан. Их ч ядарсан. Г.Болдбаатар, Д.Амартүвшин гээд дэлхийн шилдгүүдийг үлдээж олимпийн наадамд зорьсон учраас надад алдах эрх байгаагүй. “Рио 2016”-гийн өмнөхөн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга “60 кг-ын жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар нарын хэн явах нь тодорхойгүй байна. Тиймээс олимпийн өмнө улсын аваргаа зохиож, энэ жинд түрүүлснийг нь явуулна” гэсэн юм. Би гавьяат ах нарыгаа ялж олимпийн эрхээ авсан. Тэр мундаг хүмүүсийн үнэ цэнээр олимпод явчихаад медалиас мултарсандаа их гутарсан. Сая Токиогоос медаль зүүчихээд чээжинд буглачихаад байсан том зүйл алга болчихсон юм шиг мэдрэмж төрсөн шүү.

-Таны тухайд Рустам Оружов, Лаша Шавдатуашвила гээд олимп, дэлхийн аваргуудыг ялж өөрийнхөө потенциалыг олон улсад зарлаад байлаа. Гэсэн ч медаль зүүж хараахан чадахгүй яваад байлаа шүү дээ. Өөртөө ямар дүгнэлт хийв?

-Шилдэг гэх тодотголтой бүх тамирчдыг ялаад л байлаа. Гэсэн ч чухал барилдаануудад жижиг алдаа гаргаж ялагдаад байсан юм. Хичээгээд л байдаг. Санаснаар болохгүй үед хэцүү шүү. Багш нартайгаа л зөвлөнө. Ингээд мэргэжлийн сэтгэл зүйчтэй хамтарч ажиллахаар шийдсэн. Өмнө нь чухал барилдаануудын өмнө бүрэн төвлөрч чаддаггүй байлаа. Сая олимпийн үеэр сэтгэл зүй тогтвортой байж барилдаандаа бүрэн төвлөрлөө.

-Парисын олимп нэг мэдэхэд л хаяанд ирнэ. Юу төлөвлөж байна?

-Миний урсгасан хөлс хөдөлмөрийг төр засаг болоод бөхөд сэтгэлтэй түмэн олон маань үнэллээ. Одоо ар амьдралдаа санаа зовох асуудал надад алга. Зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарч олимп, дэлхийн аварга болох зорилго өмнөө тавиад хөдөлмөрлөж явна. Намайг энэ зэрэгт хүрэхэд тулж түшиж ирсэн гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшдаа талархал илэрхийлье. Бүх талаар дэмждэг “Наран мандал” компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

Зочин [59.153.87.167] 2021-10-19 19:11:50

АЛААГҮЙ БААВГАЙН АРЬС .... ГЭЖ СОНССОН УУ

Зочин [103.229.178.26] 2021-10-19 09:57:31

Ооно алтан медаль зүүгээд шагналын тавцангаас бууж байхдаа зүгээр нэг бэлтгэл дуусаад л гарч ирж байгаа юм шиг тайван даруухан харагддаг. Орилж хашгирч онгирч сагсуурах зан ооогт байхгүй, аргагүй том бөх бна лээ, сэтгэл санааны хувьд аугаа гэсэн үг ...

Зочин [148.60.92.227] 2021-10-18 20:01:31

ene hyy chini neereen sain barildah yum bilee!!!hicheeh heregtei,bas altan medali bol oirhon haragddag,jaahan eertee itgeltei yzmeer sanagddag,itgedeg l baih l daa!!gelee ch barildaan byr ni egzegtei hyrdtai engerdeg suu!!

Зочин [66.181.161.31] 2021-10-19 12:45:00

За юун сүртэй юм. Бахирсан ч яадгийн

Зочин [192.82.68.184] 2021-10-18 23:21:08

Ялаад бахирах нь муухай бсан .монгол хүний төрх биш..аз дайрлаа гэсэн мэт

hehe [202.180.218.37] 2021-10-18 10:23:53

Сэтгэл зүйгээ сайн бэлдвэл хэнийг ч ялж чадахаар юм байна лээ.

Үнэн [202.55.191.45] 2021-10-18 09:30:13

Хүн муулаад байгаа сүгнүүдэд хэлэхэд дэлхийн бөхийн мэрэгжилтэнүүд ирэх 4 жил өндөр амжилт гаргах 4 бөхийн нэг гэж нэрэлээд байгаа шүү!!! Хэл ам бэртэл гэмтэл холуур байг!!!

Зочин [192.82.83.193] 2021-10-18 01:01:38

Санасанаар болдоггүй хорвоо гэдэг үгийг одоо болтол мэдээгүй явсан хүн юм уу даа. Санаа байсан ч сачий хүрэхгүй гэдэг үг бас бий. Унасан бөхөд шалтага мундахгүй. Хорвоо санасанаар нь болсонгүй ...

Батаа [202.9.46.169] 2021-10-17 23:05:10

Сайн бгаа. Олимп дэлхийн аварга болох бүрэн боломж бна. Хичээгээрэй дүү минь. Амжилт.

Зочин [66.181.181.129] 2021-10-17 21:25:28

Яаж ингэж ярьж чаднаа...хэлэх үг алга...бас нэг мангар

Зочин [202.21.109.58] 2021-10-17 20:56:36

Оно-г яагаад ч дийлэхгүй байж ингэж том ярьж болж байгаа юм уу. Оно бол одоогоор дийлдэшгүй..

. [103.212.117.217] 2021-10-17 20:49:33

Оно шохейг барахгүй ээ, сэтгэлээ бэлд

bidon [59.153.112.189] 2021-10-17 20:14:15

сул хүн дээ, карьер дууссан

Зочин [202.9.46.223] 2021-10-17 18:47:40

Дув дуугай бай. Чимээгүй бэлтгэлээ хий

Дэмжигч [66.181.161.109] 2021-10-17 18:47:12

Жүдоч Цогтбаатар маань манай Монголын бахархалулын нэг мөн дөө. Дүүд Санасан барьцаа бат атгаж, салхи татуулсан уран мэхээр шилдэг өрсөдоөгчдөө үргэлж ипоноор мөргаангүй ялж мөэдан бадарч яваарай!

Зочин [202.9.41.5] 2021-10-17 18:24:47

Танд дэлхий олимпын аварга болох боломж бүрэн байгаа.Өрсөлдөгч бөх нарынхаа барилдааныг төгс судалж тэдэнд зориулсан бүх хувилбарыг бэлдсэн байх ёстой. Тэгээд хэрэгцээтэй үедээ л мэхээ хийдэг байгаарай. Амжилт хүсье

Зочин [202.9.40.54] 2021-10-17 17:23:03

Шохей Оонотой идэвх муутай бэргэсэн юм шиг маш муу барилдсан даа


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.