АТГ: Нээлттэй мэдээллийн системийн 2.0 хувилбарыг олон нийтэд танилцуулж байна

Aдмин / Технологи

Авлигатай тэмцэх газар “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn цахим хуудасны 2.0 хувилбарыг ажиллуулахаар олон нийтэд танилцуулж эхэллээ.

Цахим хуудасны нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” сэдэвт үзэсгэлэнгээр хийв. Нээлтэд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, “Нээлттэй нийгэм форум”-ын захирал П.Эрдэнэжаргал, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Энхжаргал нар оролцож, авлигыг бууруулахад иргэдийн оролцоо, нээлттэй өгөгдлийн ач холбогдол, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар үг хэлж, мэдээлэл танилцуулав.



Иргэдийн мэдэх эрхийг хангах, улмаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг хянах, тэдний оролцоог бүрдүүлэхийн тулд төрийн байгууллагуудаас бэлтгэн гаргасан мэдээллийг нэгтгэж, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр түгээх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын нэгэн чухал хөшүүрэг болдог.

www.opendatalab.mn системд төрийн байгууллагуудын шилэн дансны цахим хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, төрийн худалдан авах ажиллагааны цахим систем, албан тушаалтнуудын ХОМ-ийн сан, уул уурхайн лиценз эзэмшигчдийн мэдээлэл, сонгуулийн нэр дэвшигч болон үр дүнгийн талаарх мэдээллүүдийг багтаажээ.

Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” үзэсгэлэн энэ сарын 10-ны өдрийг дуустал “BlueMon” барилгын нэгдүгээр давхрын үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.


Сэтгэгдэл

зочин [66.181.161.35] 2021-12-07 15:18:06

Зөв санаачлага байна,дэмжиж байна,АТГ хэвлэл мэдээлэлийн бүх сувгаар сурталчилгаагаа сайтар хийгээрэй гэж хүсье.Авлига бол Монгол орны эдийн засгийн хөгжилд асар их хор хохирол учруулж байгаа гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрсөн мөртлөө эцсийн үр дүнгийн харахаар заримдаа арайч дээ гэмээр хэргүүд их харагдах юм. нотолгоотой баригдсан хэргүүдийг чангатгаад Хятад улс шиг биш гэхэд иргэд,бусад хүмүүст дохио санамж болохуйц хэмжээнд шийтгэж баймаар байна шүү дээ.Авч байгаа арга хэмжээ бусдад ерөөс дохио санамж болохгүй өө харинч иймэрхүү байдлаар шийдвэрлэдг юм гэх маягийн юм зарим хүмүүст бодогдоод гудманд хүмүүс сайн л бол торгуулиад гарна биз гэж ярьцгаах ийм л хэмжээнд Авлига чинь шийдэгдээд байхад үр нөлөө хэр байхав гэдэг нь ойлгомжтойш дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.